Д.Батлут 368.1 сая, Н.Алтанхуяг 210 сая, С.Ганбаатар 247.5 сая төгрөгийг сонгуульд зарцуулжээ
Мэдээ мэдээлэл 26 өдрийн өмнө     169    0

Үндэсний Аудитын газраас хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн сонгуулийн зардлын тайланг олон нийтэд ил болгожээ.

УИХ-ын сонгуульд 606 хүн нэр дэвшсэн. Тэднээс 75 нь ялагч болж УИХ-ын гишүүнээр сонгогдон тангарагаа өргөж, ажилдаа ороод багагүй хугацаа өнгөрсөн.  УИХ-ын гишүүдийн сонгуульд зарцуулсан зардал иргэдийн анхаарлын төвд байна. Манай аймгаас энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас П.Батлут, бие даагч Н.Алтанхуяг, МАХН эвслээс С.Ганбаатар нар сонгогчдын хамгийн олон санал авч Эрдэнэтчүүдийн төлөөлөл болон УИХ-д сонгогдсон.

Дээрх гурван гишүүний сонгуулийн зардлын тайланг сонирхуулъя. МАН-аас нэр дэвшин ялалт байгуулж Эрдэнэтийн хамгийн олон буюу 22621 сонгогчийн санал авсан УИХ-ын гишүүн Д.Батлут 368.1 сая төгрөгийг сонгуульд зарцуулжээ. Задалж үзвэл өөрөөсөө 19.8 сая төгрөг гаргасан бол 3 хуулийн этгээдээс түүнд 40 сая төгрөгийн хандив өргөсөн байна. Харин тэрбээр хандивын дансаараа 96 иргэнээс 308.3 сая төгрөг цуглуулжээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд энэ удаагийн сонгуульд 210 сая 31 мянга нэг зуун төгрөг зарлагадсан байх аж. Түүний хувьд хувиасаа нэг ч төгрөг гаргаагүй байна. Харин 6 хуулийн этгээдээс түүнд 92.1 сая төгрөг хандивласан байна. Нийт 58 иргэнээс 117 сая 931 мянга 100 төгрөгийн хандив цугларсан байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ удаагийн сонгуульд 247 сая 514 мянга 200 төгрөг зарцуулжээ. Тэрбээр өөрөөсөө 10 сая төгрөг гаргасан байна. Түүнд 1 хуулийн этгээдээс 20 сая төгрөг хандилажээ. Харин тэрбээр 178 иргэнээс 217 сая 514 мянга 200 төгрөгийн хандив цуглуулсан байна.  

Үндэсний Аудитын газраас гаргасан мэдээллээс харвал УИХ-ын гишүүдийн хувьд сонирхолтой “статистикууд” их байна. 

***Тухайлбал, УИХ-ын 75 гишүүний 28 нь өөрөөсөө ганц төгрөг гаргаагүй байх аж.

*** УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нар бусдаас хандив авалгүйгээр зөвхөн өөрийнхөө мөнгөөр сонгуульджээ.

*** УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хамгийн их буюу 651.5 сая төгрөгөөр сонгуульдсан байна. Тэрбээр 146 иргэнээс 591.5 сая төгрөгийн хандив босгож чаджээ.

***Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хамгийн бага буюу 100 сая 525 мянгаар сонгуулийн ард гарсан байх аж. Мөн өөрөөсөө мөнгө гаргаагүй, 37 иргэнээс 89 сая төгрөгийн хандив авснаараа онцлог харагдана.

***УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн этгээдээс хамгийн их буюу 370 сая төгрөгийн хандив цуглуулсан байна.

*** УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Л.Мөнхбаатар, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар зөвхөн иргэдийн хандивын орлогоор сонгуулийн зардлаа санхүүжүүлсэн байх юм.