Татварын алба Олон улсын ISO стандартыг ажилдаа нэвтрүүлжээ
Хотын амьдрал 27 өдрийн өмнө     113    0

“Тэнгэрийн дор төрж, татварын дор амьдарна” гэж хүн төрөлхтөн ойлгож, ухаарч ирсэн. Харин татварынхан “Татвараа авсаар л байна” гээд зүгээр суугаад байсангүй. Саяхан аймгийн удирдлагаас нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд төрийн үйлчилгээний менежментийг сайжруулах чиглэлээр, цахим засаглалыг хөгжүүлж байгаа явц, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж буй ажилтай танилцаж үнэлж, цэгнэсэн байна.

Аймгийн Татварын хэлтсийнхэн хийж хэрэгжүүлсэн ажлаараа бусад төрийн байгууллагуудаа манлайлж үйлчилгээндээ чанарын удирдлагын тогтолцооны  “ISO 9001:2015” олон улсын  стандартыг нэвтрүүлсэн байгууллагаар шалгарч шагнуулжээ.

Ийнхүү манай аймгийн Татварын хэлтсийнхэн ажил үйлсээрээ Олон улсын зэрэгт хүрч бараг л дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага боллоо гэсэн үг. Энэ амжилтад, нэр хүндэд хүрэхийн тулд Д.Цэвээнсүрэн даргатай тус хэлтсийн хамт олон багагүй ажил хийж бүр нутагшуулсан байх юм. Тухайлбал, аймгийн Татварын хэлтсийн  2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөндөө чанарын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах талаар тусгасан байх аж.  Мөн ажлын төлөвлөгөө гарган, бусад байгууллагуудын сайн туршлагаас хуваалцах зэргээр хөрсөн дээр буусан олон бодит ажил хийсэн байна.

Нөгөөтэйгүүр  цахим засаглалыг хөгжүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн индекс өссөх тал дээр илүү анхаарч ажилласнаар энэ хамт олон Олон улсын жишигт хүрч, олон улсын стандартыг байгууллагадаа нэвтрүүлээд байна.

Тус байгууллагын шагналыг аймгийн удирдлагууд хамт олных нь дунд гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.