ЖАРГАЖ АЖИЛЛАСАН УУРХАЙЧИН
Уул уурхай 27 өдрийн өмнө     61    0

  “Аливаа ажлыг зүдэрч бус жаргаж, бүр дурлаж хийх хэрэгтэй” гэж ярих энэ эрхэм бол Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсийн уул уурхайн тэргүүлэх мэргэжилтэн Дашцэрэнгийн Очирбат. Тэрээр Зууны манлай үйлдвэрт 30 гаруй жил ажиллахдаа Ил уурхайд засварчин, автогрейдерийн машинч, замын мастер, уулын мастер, ээлжийн дарга, уулын ажлын инженер, үйлдвэр техникийн албаны дарга гээд ажил мэргэжлээрээ хамт олондоо танигдан үнэлэгдэж, албан тушаалын шатаар аажуухан өгссөн. 

 Булган хангай нутгийн унаган хүүхэд, Ил уурхайн гуравдугаар овоолгын цаана Хөөврийн рашаан, “Хонгорморьт” орчмоор тоглож, тэсэлгээн чимээ сонсож, хүдэр зөөх аварга белазын цуваа бахдан харж өсжээ. Сэлэнгэ аймагт “Орхон” үүлдрийн хонь бий болгосон Төрийн соёрхолт аав нь түүнийг таван настайд нь “ертөнцийн мөнх бус”-ыг үзүүлсэн. Тэнгэр бүрхсэн тэр цагаас ээжийнхээ энгэрт хургаж, үгнээс нь гажилгүй явсаар өдий зэрэгт хүрсэн гэх. 35 жилийн тэртээ 10-р анги төгсөгчдийн магнайд жагссан Д.Очирбат Ленинградын их сургуулийн архитекторын хуваарь авчхаад зогсож байхад ээж нь, тухайн үеийн хүүхдүүдийн сонирхдоггүй уул уурхайн мэргэжил эзэмшүүлэхээр ухуулахад үг дуугүй л зөвшөөрч, Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын инженерийн анги сонгож. Сургуулиа төгсөхийн даваан дээр ээж нь  “Ээ дээ, миний хүү Эрдэнэт үйлдвэрт л ажилладаг юм шүү” гэхэд нь саналаа бичгээр илэрхийлж байгаад л Геологи, уул уурхайн яамнаас Эрдэнэт рүү томилолт өвөрлөн ирсэн гэдэг. Түүгээр ч үл барам “эхнэр ав” гэсэн. “Увс нутгаас ханиа сонгосон нь ч буруутаагүй” гээд одоо инээж сууна. Гуравдугаар ангийн балчир сурагч байхаасаа бусдын өмнөөс хариуцлага хүлээх ангийн даргын үүрэгт ажлыг 10-н жилийн сургуулиа төгстлөө хашсан тэрээр мэргэжлийн сургуульдаа ч мэрийлттэй суралцаж, Сүхбаатарын нэрэмжит цалинтай цөөхөн оюутны нэг явснаа дурссан.  Тухайн үед Геологи, уул уурхайн яамны сайд Ч.Хурцын хүү геологийн ангийн “толгой” сурагч, Дашдорж сайдын хүү өрмийн ангийн шилдэг нь, харин Д.Очирбат уулын ашиглалтын технологийн ангийн “гавал” оюутан нь байв. Тэд дотно нөхөрлөдөг, улс орныхоо төлөө ихийг бүтээнэ гэж ярилцдаг дэврүүн залуус байжээ. Тэрээр “Ч.Хурц сайд мөн ч шударга хүн байж билээ. Намайг Эрдэнэт рүү хуваарилсан хэр нь хүүгээ мөнчгөрөөрөө хоолоо олж ид, гээд хааш нь ч томилолгүй орхичихсон. Сүүлд уулзахад хувийн компанид ажилд орсон байсан” гэж дурсав. Мөн, түүнийг оюутан байхад Төлөвлөгөөний комиссын дарга Ш.Отгонбилэг цагийн багш хийдэг байжээ. Д.Очирбатыг хичээлийн дараа үлдээгээд уул уурхайд хаягдалгүй технологи ашиглах, нөхөн сэргээлт ул суурьтай хийх талаар тусгайлан заадаг байсан нь ирээдүйд ихийг хийх хүүхэд хэмээн ихэд тоодог байсных биз. Түүнийг Эрдэнэт үйлдвэрт томилогдож ирээд удаагүй байхад багш нь анхны монгол захирлаар тавигдсан түүхэн давхцал бий. Төгсөлтийнх нь залуус “Багштай уулзаад байр авлаа” гэж яриад байхаар нь өргөдлөө өгчхөж. Нэг өдөр Ил уурхайн орос дарга нь дуудаад “Ерөнхий захирал чамайг дуудаж байна, чи яасан юм?” гээд тун сандрангуй байна гэнэ. Харин Ерөнхий захирал түүнийг өрөөнд нь бэргэнгүй ороход “Анхбаяр том болж байна уу? Цэцэрлэгт орчихсон уу?” гэж асуухад нь том хүүгийнх нь нэрийг мартаагүйг гайхахын зэрэгцээ жаахан тайвширчээ. Тэгснээ “...Нэг өрөө байр болох юм уу?” гэж зандрангуй хэлж. Ажилд ороод удаагүй байж байр нэхлээ хэмээн загнах нь гэж бодоод “болно, болно” гэтэл өргөдөл дээр нь цохолт хийнгээ “Олуулаа болно доо, чи...” гэж хэлсэн нь алсын хараагүй байна даа гэх зэмлэл байсныг хожим ойлгосон гэдэг. Дараа нь Эрдэнэтийн овоог нүүлгэж байхад түүнтэй Ш.Отгонбилэг захирал таараад “Чи Америк явж сурах уу?” гэж асуухад нь даралт харваад гэрт нь бие тааруу хэвтэж байгаа ээж нь бодогдоод “Багшаа, би чадахгүй ээ” гэж. Сүүлд, уулын мастер болоод ажиллаж байхад нь очоод “Америк явах уу?” гэж дахин асуугаад “Би хүнийг хоёр гуйж үзээгүй. Харин чамайг гуйлаа шүү” гэхэд нь уулын ажил ундарсан их байхад... гэх ухааны юм бодож хоцорчээ. Гэхдээ тэр гадаадад сураагүй ч Эрдэнэт үйлдвэртээ хоёргүй сэтгэлээр зүтгэж ихийг бүтээсэн. Уурхайн уул геологийн нөхцөлийг судалж тоног төхөөрөмжүүдийн оновчтой хослол, сонголт, нормчлогдсон үндсэн материалуудын хэрэглээ, тэдгээрийн хувийн зарцуулалтын нормыг шинжлэх ухаанчаар тогтоож нэгдсэн аргачлал боловсруулсан нь өндөр үнэлэгдэж байлаа. Тэрээр уурхайн бүх үйл явцад оролцож, үр ашигтай байх вариантуудыг сонгосон зөвлөх инженер. Ил уурхайн гурван ээлж хамт олныг шинээр эмхлэн байгуулж хүмүүжүүлсэн. Инженер техникийн 20-иод ажилтныг дагалдан сургаж, 300 гаруй уурхайчин шавь бэлтгэсэн гавьяатай багш. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн зуны болон өвлийн хаялтын есөн далан барьж байгуулсан онцгой ажлаа тэр хамтын бүтээл гэж хэлэх дуртай. Эдгээрийн гуравт нь мастераар, гуравт нь ажлын түр хэсгийн даргаар, гуравт нь зөвлөхөөр ажилласан юм. Сүүлийн 4М далан барихдаа эргэлтийн усыг 11-р худагт дөт замаар хүргэхийн тулд уул сэтэлж холбох суваг байгуулснаараа онцгой. Түүний удирдсан төсөл, оролцсон судалгааны ажил үйлдвэрийн насжилтыг уртасгах, үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг хэдэн зуун саяар хэмнэх нөхцөл  бүрдүүлдэг ач холбогдолтой. 

    Д.Очирбат хоёр сайхан хүүгээ “хүний зэрэгтэй” яваад бахархаж, удам дагасан уурхайчин хүүгээсээ залуу насаа харахдаа санаа нь нэгэнтээ амарч, бүтэн амьдралын хатан заяа ханийнхаа халамжид ээнэгшин жаргаж, ач нарынхаа танхи аалинд нялхран залуужиж явна. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрийн “шат”-аар өгсөж уруудаж 30 гаруй жил ажиллахад нэг ч өдөр надад ядаргаатай санагдаагүй” гэж ярьсан. Жаргаж ажиллахын шалтгаан нь жинхэнэ уурхайчин байх юм байна.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Эх сурвалж:”Erdenettoday.mn”