“Жавхлант харгуй”-н зам ирэх сарын 15-нд ашиглалтад орно
Хотын амьдрал 2 сарын өмнө     204    0

Хуучны нэгэн кинон дээр “ирэх сарын шинийн 15-ны сартай үдэш энд уулзая...” гэж гардагчлан манай аймагт ч ийм “болзоо” бүртгэгдээд багагүй хугацаа өнгөрлөө.

Энэ сарын эхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болсон. Энэ үеэр аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар тэргүүлэгчид сонсов. Манай аймгийн хувьд анхаарал татаж байгаа хамгийн том ажил бол А1001 авто замын өргөтгөл юм. Үндсэндээ гурван жил шахам дамнан үргэлжилж байгаа энэ замын ажил эрдэнэтчүүдийг урин дулааны цагт шороо тоосонд даруулж, түүгээр зорчих жолооч нарын хамаг л маань, мэгзэмийг нь барж байна гэхэд нэг их хол зөрөхгүй. Аюулгүй ажиллагаа энэ тэр бол авах юм байхгүй. Харин энд зориуд тэмдэглэхэд 2019 оны хавар хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр энэ замын асуудал яригдсан. Тэр үеэр хяналтын инженер нэгэн бүсгүй “Жавхлант харгуйн тавьж байгаа замын аюулгүй байдлыг тухайн компани хариуцна. Осол аваар гарах, машин эвдэрч хэмхрэхэд Жавхлант харгуй хариуцлага хүлээж, хохирлыг нь барагдуулна” хэмээн дарга нарт мэдэгдэж байсан. Доогуураа нүхэн гарцтай, 4 эгнээ өргөн замтай болох эрдэнэтчүүдийн мөрөөдлийн болзоо товлох өдөр нь ямар ч байсан ирэх сарын 15-нд ашиглалтад орох тэр өдөр гэнэ. Энэ замын ажил  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй учраас Зам, тээврийн хөгжлийн төвөөс хяналт тавьж байгаа юм байх.

Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва “А1001 замын ажлын явцтай танилцах гээд даргыг нь дуудуулсан, ирээгүй. Манай аймгийн ЗДТГ-ын зарим хүн тэр компанийн даргыг дагаад намираад давхичихдаг. Уулзмаар байна гэхэд уулзуулдаггүй. Нөгөө нөхөр нь ч намайг тоодоггүй бололтой. Энэ замаар Эрдэнэтийн иргэд зорчино. Нөгөө талдаа энэ зам Эрдэнэт хотын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа. Гэтэл 14 дүгээр сургуулийн урд талд орц гарц хийхгүй гэдгийг юу гэж ойлгох вэ. Энэ чинь Эрдэнэт хотын зам шүү дээ” хэмээн уулга алдсан удаатай.

Бид ч замын явц, орц гарцыг нь очиж үзлээ. Үнэхээр л хөгийн гэхэд багадмаар ч юм шиг. 14 дүгээр сургууль руу хүүхдээ хүргэж өгөхийн тулд эцэг эхчүүд аюулгүйн тойргоор бүтэн эргээд “Панда” төвийн хажуугаар баруун гар тийш эргэж тэгээд зүүн эргээд сургуулийн хашаа руу явна. Ийм л зам хийжээ, тэд. Үүнийгээ их амархан тайлбарладаг, бас манийгаа айлгадаг. “Энэ А1001 зам чинь улсын чанартай зам. Улсын чанартай замд олон тооны орц, гарцыг дуртай газраа хийдэггүй юм” гэж цэцэрхэнэ. Хамгийн сонирхолтой нь Эрдэнэт хотдоо л томоохонд орох “Зуун айл” барилгын материалын төв руу орох орц, гарц байхгүй гээд бод доо. “Шунхлай ШТС-аас бензин авсан жолооч шууд л А1001 зам руу орчих боломжгүй. Наагуур цаагуур холхиж байгаад арай гэж нийлнэ. Ийм нэгэн ид шидтэй зам ирэх сарын 15-нд ашиглалтад орохыг эрдэнэтчүүд хүлээх л үлдлээ.