Мутрын үсгээ хайрлачихвал ч ....
Нийгэм, Улс төр 2 сарын өмнө     201    0

                  Эрдэнэт хотын хүн ам 100 мянгыг хэдийнэ хол давсан. Хичээлийн ишнэ жил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч хотын гудамжаар давхилдах машин тэрэгний хөдөлгөөнийг харвал яах аргагүй өмнөхөөс илүүтэй харагдана.

Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр манай хотод нийтийн бие засах газар нэг хоёрын зэргээр биш нэлээн хэдэн газар, байршилд байх хэрэгцээ, шаардлага бий. Аймаг, орон нутгийн зүгээс хөрөнгө орууулалтаар нийтийн бие засах газар хийж байгаа ч хүрэлцээ, ажиллаж байгаа байдал зэрэг нь асуудал дагуулдаг. Бурхан багшийн сэрэг дүрийн хажууд 30 гаруй сая төгрөгөөр нийтийн бие засах газар байгуулаад гурван жилийн нүүр үзсэн ч нэг удаа ажиллаагүй. Бурхан багшийн сэрэг дүрийг үзэхээр очсон гадна дотны иргэд бурханд мөргөчихөөд буруу харж байгаад морь харчихаад л явдаг. Тэдний ч буруу биш л дээ. Нийтийн бие засах гэсэн хаягтай атлаа цоожтой байдаг учраас аргагүйн эрхэнд амандаа маань уншиж байгаад л юу яадаг болов уу, янз нь.

Хамгийн сүүлд гэхэд автовокзалын ойролцоо аймгийн хөрөнгө оруулалтаар нийтийн бие засах газар байгуулсан ч ашиглалтад орж чадахгүй олон хонож байна. Учир нь нийтийн бие засах газрыг барьсан компани ажлаа хүлээлгэн өгөх гэтэл дарга, даамлууд нь мутрын үсгээ хайрлалгүй, хүнд суртал гарган хойш гэдийжээ. Энэ тухай аймгийн Засаг даргын шуурхай дээр өндрөө авч яригдсан юм.

Автовокзал орчимд яах аргагүй нийтийн бие засах газар хэрэгтэй. Байхгүй учраас иргэд тэр дундаа эрчүүд амар хялбарыг нь бодоод өндөрлөг гардаг гүүрний ойр хавьд морь хардаг. Энэ хавийн газраас үнэндээ шээс шивтэр, өмхий үнэр байнга үнэртэнэ. Ямар сайндаа өнгөрөгч зун УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн гадны нэгэн эрхэм гүүрэн дээр ирээд “Эндээс юун муухай үнэр үнэртдэг юм бэ. Танай хотын цэвэрлэх байгууламж энэ хавьд байдаг юм уу” гэж манийг ичээж байхав.

Хамгийн сүүлд баригдсан нийтийн бие засах газрыг ашиглалтад өгөх гэтэл Хот тохижуулах газрын нэг инженер “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний суултуурын хажууд бариул хийгээгүй байна, би гарын үсэг зурахгүй” гээд гэдийжээ. Мэргэжлийн хяналтын газрын хоёр ч байцаагч гарын үсэг зурах ёстой гэнэ. Гэтэл тэд айраг цагааны элбэг дээр гэж хэлээд амраад явсан учир тэднийг хүлээхээс өөр арга байсангүй. Ямар сайндаа л Д.Соёлчхүү дарга “Мэргэжлийн хяналтын нэг байцаагч амраад явахад орлоод үлдэх хүн байдаггүй юм уу” хэмээн асуухад өөдөөс нь “Манайх нэг л байцаагчтай, яах ч арга байхгүй” гээд сууж байхав. Манай хотын амьдрал нэг ийм л байна. Ичихгүй л дээ, дарга нар. Аягүй бол хэд хоногийн дараа энэ нийтийн бие засах газрын нээлт болоход туузыг нь хайчлах гээд баахан дарга нар цагаан бээлий өмсөөд, хайч бариад дайрах вий.