Д.Соёлчхүү: Чамд арга хэмжээ авна, битгий гомдоорой
Мэдээ мэдээлэл 19 өдрийн өмнө     503    1

Аймгийн Засаг даргын энэ долоо хоногийн шуурхайг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдлаа. Энэ үеэр иргэдийн гомдлыг хүлээн авах 70353511 тоот утсанд багш нар болоод эмч нарын ёс зүйтэй холбоотой гомдол ирсэн байна.

Тухайлбал, нэгэн эцэг эх хувийн сургуулиас хүүхдээ шилжүүлж харьяаллын дагуу тавдугаар сургуульд өгөхийг хүсчээ. Гэтэл тус сургуулийн багш эцэг эхийг нь аашилж зандран ёс зүйгүй загнасан тухай гомдол гаргасан байна. Тухайн эцэг эх арайхийн хүүхдээ сургуульдаа оруулсан ч багшийн энэ мэт ёс зүйгүй увайгүй үйлдлийн талаар 70353511 тоот утсанд хандан мэдээлж, арга хэмжээ авч хариу мэдэгдэхийг хүссэн байна.

Мөн эмнэлгийн нэгэн эмч бусдын дэргэд үйлчлүүлж буй өвчтөнийхөө нууцыг дэлгэж “Та чинь бараг л насан туршийн өвчтэй болжээ. Ингээд манайхаас салахгүй болох нь дээ” хэмээн доромжилж, тавласан. Эмч нар хуулийн хүрээнд өвчтөний нууцыг хадгалах, хамгаалах үүрэг хүлээдэг. Гэтэл энэ эмч үүргээ умартан өвчтөнөө доромжилсон талаар мөн л 70353511 тоот утсанд хандан гомдол гаргасан байна.

Үүний дараа аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү “Бат-Амгалан дарга аа, танай байгууллагад ёс зүйн хороо байна уу. Энэ багшид арга хэмжээ авдаггүй юм уу. Авч чадахгүй байгаа бол би чамд арга хэмжээ авъя, битгий гомдоорой” хэмээн асуудлыг газар дээр нь шийдэв. Хичээлийн шинэ жил эхэлсэн өдрүүдэд сургууль, багш нарыг тойрсон асуудал мөддөө тасрахгүй нь бололтой. Саяхан нэгэн их сургуулийн магисртант сурагчдын шилжилт хөдөлгөөний учир шалтгааны талаар судалгаа хийсэн байхыг үзлээ. Түүний судалгаанаас харвал сурагчдын шилжилт хөдөлгөөний шалтгааны дийлэнхийг “багш нар зоддог, загнадаг, сэтгэл зүйн дарамт үзүүлдэг, харьцааны ёс зүйгүй” гэсэн тайлбар эзэлсэн байна. Энэ бүхнээс харвал шинэ мянган, шинэ зууны багш нарын харьцаа хандлага яах аргагүй анхаарал татаж байна.