Дараагийн Засаг дарга хэн байхыг ганцхан хүн л мэднэ
Мэдээ мэдээлэл 25 өдрийн өмнө     615    0

Өнөөдрийн эрх баригч МАН Орхон аймагт “сонгуулийн өмнөх солиорлын байдал”-д бүрэн шилжиж, 60 толгойтой нэг сүүлтэй могой мэт арзалзаж байна. Яагаад өнөөдрийн эрх баригч гэсэн нь ирэх орон нутгийн сонгуулийн үр дүнд тэд лааз өшиглөх үү, дахин засаглах уу гэдэг нь эцэслэгдэнэ.

Аймгийн МАН-ын дарга Д.Батлут УИХ-д сонгогдсоноос хойших хугацаанд түүний журмын нөхөд Засаг дарга болоод намын даргын суудлын төлөө Архангай, Булганы угшлаараа талцаж, өөрийгөө дараагийн даргаар өргөмжилсөн сайн дурынхан багын найзаа хүртэл дээд дарга нартаа матаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг зовоож буй гэнэ. Байдал ийм дээрээ хурцдаад байхад МАН-ын дарга У.Хүрэлсүх асуудлыг намжаах зорилгоор улс төрийн шийдвэр гаргаж МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Бат-Энхийг Эрдэнэт рүү илгээхээр шийджээ. Ц.Бат-Энх “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирлаар Ч.Ганзоригийн багт ажиллаж байсан. Эрдэнэтэд улстөрчийн хувьд үүрээ зассан, Орхоны одоогийн МАН-ын нөхдөд бол “хатуу самар”. Манай хэдийг хөнжилдөө хөлөө жийлцэж байгаа энэ цагт Ц.Бат-Энх л эрэмбэнд нь оруулж чадна.

Дараагийн Засаг даргаар өөрийгөө тодруулаад буй нөхдөөс аймаг орныг аваад явчих төрийн хүний ноён нуруу, мэдрэмж, мэдлэг, ёс зүй хэнд нь ч одоогоор бүрдээгүй гэж намынхан нь ярьж байна. Мөрөөдөгчдийн хувьд Д.Батлутын хаана нь ч хүрэхгүй, хүн чанарын хувьд ч тэр. Магадгүй тодорхой хугацааны дараа төрийн хар хүн болох шалгуурыг давж, төмөр мэт хатаагдах байх. Яг голоор нь хэлэхэд, өнөөдөр Эрдэнэтийн МАН-д торойсон ганц лидер алга. Тийм болохоор намын дарга нь төлөөний хүнээ илгээж, дураараа “хүүхдүүд”-ийг номонд нь оруулж, улмаар орон нутгийн сонгуульд ялалт авчрахыг зорилгоо болгожээ.

Хамгийн сонирхолтой нь МАН-ын хорооноос аймгийн ИТХ-д нэр дэвших 35 мандатыг хэн, хэн атгах вэ гэдэг. Хурлын төлөөлөгчид дахин нэр дэвшихээр зарим  нь одоогийн албан тушаалаа өгөөд байгаа нөхөд энэ дөрвөн жил төрд алба хашаад хэрхэн өөрчлөгдөв. Хүнтэй мэндэлж хэвшсэнгүй, хэвлэлд ярилцлага өгч сурсангүй, бусдын яриаг сонсож, таван минут зогсож сураагүй, ихэнх нь. Хуралд нэр дэвших 35 мандатад эмэгтэйчүүдийн эзлэх хувь дор хаяж 7-8 эмэгтэй энэ эрхийг эдлэх хуультай. МАН-ын хороо зөв бодолтой, хэлэх үгтэй ямар сайхан эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх бол гэж олон нийт хүлээж байгаа. МАН-ын нөхдийг дотроо “алалцаж” байхад АН-ын хороо дотоод эв нэгдлээ сайжруулж, өөр бусад намтай эвсэж, орон нутгийн сонгуульд ялахаар хүчээ сэлбэж байна. Бусдын төлөө цохилох зүрхтэй, хувийн сонирхлоо хойш тавьдаг төлөөлөгчийг иргэд нь хүлээж, орон нутгаа удирдуулах ганц л том амбиц олон нийтэд цаг үргэлж байдаг гэдгийг намуудын удирдлага санаж яваасай. Энэ бол Монгол төрийн орших гол тулгуур ойлголт шүү.

Тэгээд ч ирэх дөрвөн жилд аймгийн Засаг даргаар хэн ажиллах вэ гэдгийг Монголд ганцхан хүн л мэднэ. Тэр бол өнөөгийн Ерөнхий сайд. Өмнө нь тэр “шүдгүй арслан” байсан бол өнөөдөр өөр болсон. УИХ “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д өөрчлөлт оруулж байгаа. Түүнд “...аймгийн засаг даргыг Ерөнхий сайд, сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга томилно” гэж оруулж байгаа. Энд л учир гэгч бий.  Аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, аймаг орон нутагтаа хэлтсийн дарга, газрын дарга, төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар 3-4 жил ажилласнаа ихэд томд тооцсон нөхөд оготны нүхэнд ч хамаагүй очоод “Би дараагийн Засаг дарга болно” гэж хошгирч сууна гэж дуулдсан. Бүр зарим нэг нь ажлаа өгөхдөө Улаанбаатарт хүлээн авалт хийж “Би ирэх дөрвөн жилд томорно. Аймгийн Засаг даргын орлогч болоод та хэдийг суга татна” гэж хундага харшуулж яваа эмэгтэй дарга ч байна. Монгол төрийн босго өндөр шүү. Хэтэрхий амбицад автсан, өөрийгөө өндөрт өргөж өрөөлийг доош нь хийж байгаа нөхдөд хэлэхэд эхлээд сонгуульдаа дэвшээд гараад ир. Дараа нь даргынхаа асуудлыг ярь гэмээр байна.