Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийн барилгын ажил эхэллээ
Уул уурхай 1 сарын өмнө     118    0

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. 

Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийн барилгын газар шорооны  ажил дөрөв хоногийн өмнө эхэллээ. Энэхүү барилгын  ажлын ерөнхий гүйцэтгэгчээр  “Монголиан инвестмент корпорэйшн”, туслан гүйцэтгэгчээр “Нойкрафт”, “Мэргэн тайж” компаниуд ажиллаж байгаа. Баганын суурийг “Нойкрафт” компанийнхан цутгаж байна. Уг  үйлдвэрийн барилга угсралтын ажлыг  10-р сарын нэгэн гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Үүний дараа технологийн болон сантехник, цахилгаан, шугам сүлжээний ажлууд эхлэх юм. 2021 оны 6-р сар гэхэд ашиглалтад орох энэ үйлдвэр нь орчин  үеийн дэвшилтэт технологитой, 15000 тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор ажлын нөхцөл сайжирч, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Одоо ажиллаж буй Тэсрэх бодисын үйлдвэр нь 1994 онд ашиглалтад орсон  бөгөөд хүчин чадал хүрэлцэхгүй, тоног төхөөрөмж хуучирсны улмаас ийнхүү шинэ үйлдвэр барих болсон байна.

“Эрдэнэтийн-Овоо” орд газарт хүдэр олборлолт хийхэд зориулан уулын цулыг долоо хоногт нэг удаа тэсэлдэг. Тухайн долоо хоногт өрөмдсөн цооногоос шалтгаалан 200-300 тонн тэсрэх бодис хэрэглэдэг. Иймээс Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрлэл чухал ач холбогдолтой юм.

Я.Энхтуяа

Эх сурвалж:”Erdenettoday.mn”