“Эрдэнэтийн BB” буюу Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар томилжээ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     172    0

           Эрдэнэтийн хүү, эрдэнэтчүүдийн хэзээний танил “Эрдэнэтийн ВВ” буюу Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Засгийн газрын хуралдаанаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын даргаар томилжээ.

Цахим орчинд төдийгүй, эрдэнэтчүүдийн хувьд ч энэ удаагийн томилгоог үнэхээр нүдээ олсон зөв томилгоо болсон тухай шуугиж байна. Б.Бат-Эрдэнэ залуу хүний хувьд зүгээр суудаггүй, байнга нэгийг бодож, нөгөөг тунгааж гарц шийдэл хайж явдаг. Түүнийгээ ч эрдэнэтчүүдтэй чөлөөтэй хуваалцаж санал, бодлыг нь сондог чанар нь залууст их таалагддаг. Зарим тохиолдолд хүний дутагдлыг нүүрэн дээр нь шуудхан хэлчихдэг, ажлын төлөө нэг их тал тохой татаад байдаггүй түүний хувьд хэрэглэгчдийн талд байж, иргэдийн төлөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг жинхэнэ утгаар нь ажиллуулж чадна гэж хамтран зүтгэгчид ч гэлтгүй өрсөлдөгчид нар ч толгой дохиж байна.

Ямар ч байсан “Эрдэнэтийн ВВ” тус газрын даргаар томилогдсон нь хуулийн өмнө дарга, цэрэггүй ижил эрхтэй байх, шударга бус явдалтай эвлэрэхгүйгээр ажиллаж хадны мангаа болж мэдэх цаг иржээ.

Б.Бат-Эрдэнэ нь 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тэрбээр МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд МХЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Б.Бат-Эрдэнэ нь 1999 онд Улаанбаатар их сургуулийн түүх судлалын ангийг судлаач мэргэжлээр төгссөн.  Мөн  БНСУ-ын “Корейн Айр” компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр сурч, төгссөн. Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.