Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-ууд шагналаа гардлаа
Уул уурхай 1 сарын өмнө     86    0

Ажил үйлс, амжилт бүтээлээрээ Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг ажилчдыг шагнан урамшуулж, алдаршуулах ёслолын ажиллагаа Соёл, урлагийн цогцолборын их танхимд боллоо. 

Ёслолын ажиллагаанд шилдэг тэргүүний 32 ажилтнаас гадна Эрдэнэт үйлдвэрийн Хүндэт дэвтэрт нэр нь бичигдэх хүндтэй гурван эрхэм болон “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалийн эзэн хүрэлцэн иржээ. Сар шинийн босгон дээр уламжлал болгон зохиодог энэхүү ёслолын ажиллагааг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хойшлуулаад байсан юм.       

Ёслолын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, хөдөлмөрийн аваргууд, уурхайчдадаа баяр хүргэн мэндчиллээ. Мөн тэрээр дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдварт өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд сахилга баттай, дэг журамтай ажиллаж, хариуцсан ажлаа үлгэр жишээ хийж, урьдчилан сэргийлэх ажилд санаачилгатай оролцож байгаа нийт уурхайчдадаа талархал илэрхийлсэн юм. Тэрбээр оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100.3-120 хувиар биелүүлсэн уурхайчид, Эрдэнэт үйлдвэрээр овоглосон хүн бүрийг баяр наадмын босгон дээр 500 хүртэл мянган төгрөгөөр шагнан урамшуулахаар болсноо мэдэгдэж, баяр дээр баяр нэмсэн мэдээг дуулгалаа.  

Монгол Улсын Засгийн газрын шагнал, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Стратегийн төлөвлөлт бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт нар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.   

Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг үйлдвэрт 10 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тэргүүний ажилтанд олгож, хөдөлмөрийн аварга тэмдгээр шагнан, зургийг нь тухайн жилийн турш хүндэт самбарт байрлуулж алдаршуулдаг уламжлалтай.