УИХ-ЫН СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ОРХОН АЙМАГТ НИЙТ 500 ГАРУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ АЖИЛЛАНА
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     154    0

      Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Орхон аймгийн Сонгуулийн хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

      Өнөөдөр Сонгуулийн хорооны дарга Д.Соёлчхүү, нарийн бичгийн дарга М.Мөнхбаяр нар сонгуулийн өдрүүдэд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар хэрхэн ажиллах талаар танилцахаар тус байгууллагуудад очиж ажиллалаа.

     Аймгийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн сонгуулийн өдөр бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, хэв журам сахиулна. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Орхон аймаг дахь Цагдаагийн газарт хуулийн этгээд нам, эвслээс нийт 46 өргөдөл гомдол ирүүлснээс 39 гомдол мэдээлэлд Зөрчлийн шалгах ажиллагаа явуулж шийдвэрлээд байна.

       Сонгуулийн хороо, хэсгийн хороо, санал авах байр болон 41 объектод Онцгой байдлын газраас ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах үеэр аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

 

     6 сарын 24-ны өдөр 20-р тойрог буюу Орхон аймагт Баян-Өндөр суманд 35 хэсгийн хороо, Жаргалант суманд 3 хэсгийн хороонд эрүүл мэндийн 16 байгууллагаас 96 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 2 ээлжээр мөн ажиллана. Санал авах байранд иргэдийн биеийн халууныг үзэх, шаардлагатай тохиолдол анхан шатны тусламж үзүүлж, халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавина.

      Санал авах байранд ажиллах эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж зайнаас халуун хэмжигч, даралтын аппарат, пульсоксиметр, чагнуур, эмийн нөөцийн хамт ЭМГ-аас хангахаар бэлтгэсэн.

     Эрүүл мэндийн 16 байгууллагын 96 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд 2020 оны 06 сарын 19,20 өдрүүдэд сонгуулийн хэсгийн хороодод ажиллах зааварчилгааг танилцуулж үүрэгжүүлээд байгаа аж. Энэ удаа УИХ-ын сонгуулийг орхон аймагт зохион байгуулахад  нийт 500 гаруй төрийн албан хаагч ажиллана.

     Сонгуулийн өдөр иргэд, сонгогчид хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.