Зургаадугаар хорооллын 10-р байрны өмнөх хашааг буулгав
Хотын амьдрал 3 сарын өмнө     309    0

  Согоот багийн 10 дугаар байрны урд талд 2014 онд “Болор зэлмэн” ХХК нийтийн орон сууцны зориулалтаар барилга барихаар 15 жилийн хугацаатайгаар тус газрыг анх авч байжээ. Улмаар 2016 онд “Эрд констракшн” ХХК-д шилжүүлсэн байдаг. Ийнхүү шилжүүлэхдээ газрын зориулалтыг өөрчилж үйлчилгээний зориулалтаар барилга объект барихаар болсон байдаг бөгөөд барилгын ажлыг “Сэхүүн чоно” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна. Үнэн хэрэгтээ “Эрд констракшн”, Сэхүүн чоно” ХХК-иуд нь нэг эзэнтэй аж ахуйн нэгжүүд юм. Анхнаасаа л тухайн орчны иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан энэхүү газар нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан билээ. 

         Гэтэл 2019 оны 10 дугаар сард зургаадугаар бичил хорооллын 10 дугаар байрны урд “Сэхүүн чоно” ХХК нь зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлэх явцдаа Ф400 голчтой цэвэр усны төв шугамыг гэмтээж зургаа, долоодугаар хороолол, Эко хорооллын айл өрхүүдийг хэсэг хугацаанд усгүй болгож байсан.Тухайн үед аймаг, орон нутгаас тодорхой арга хэмжээ авч зарим хорооллуудад усны машинаар ус зөөж, хэрэглээний цэвэр усаар хангаж байв.

            Хууль зөрчин барилгын ажил эхэлсэн тус компанийн талаар оршин суугчдын зүгээс маш их санал, гомдол ирж байсан бөгөөд аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс үүрэг өгч тэнд байсан хашааг буулгах, барилгын суурь цутгахаар ухсан нүхийг битүүлэх үүрэг өгсөн.

            Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг даргын өгсөн үүрэг биеллээ олж хашааг буулгуулсан бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нүхийг булах ажил эхэллээ.

            Энэхүү газарт иргэдийн амралт чөлөөт цагаа зүй зохистой өнгөрөөх талбай, автомашины зогсоол зэргийг барьж байгуулна.