Худал гэж бий, огт худал гэж бий, түүний дараа Статистик гэж бий...
Хотын амьдрал 3 сарын өмнө     197    0

                   Энэ үг таньд нэгийг бодогдуулж байгаа болов уу. Одоогоос 100 хол илүү жилийн өмнө Америкийн зохиолч Марк Твен энэ үгийг хэлж байжээ. Түүний хэлсэн үг өнөөдрийн монголд яг таарч байх шиг. Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж Монгол гэлтгүй холын Америк, Хойд Орос гүрэн, мөнхийн хөрш Хятад улс хүртэл эдийн засгийн хувьд хүндхэн байхад манай улсын иргэдийн өрхийн сарын дундаж цалин, орлого энэ оны нэгдүгээр улиралд 1.4 сая төгрөг болж өссөн байх юм.  Энэ нь өмнөх оны мөн үе буюу 2019 оны нэгдүгээр улирлаас 19.7 хувь буюу 248.5 мянган төгрөгөөр өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Бүр сонирхолтой нь өрхийн сарын дундаж зарлага 1.6 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 228.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэмээн ёстой нэг “авч байна”. Ингэхэд уншигч таны өрхийн орлого нэгдүгээр улиралд үнэхээр 248.5 мянган төгрөгөөр нэмэгдэж 1.4 сая төгрөгт хүрч өссөн үү. Эсвэл таны орлого тийм сайн нэмэгдээгүй ч ямар нэгэн байдлаар зарлага тань 1.6 сая төгрөгт  үнэхээр хүрсэн гэж үү. Үндэсний статистикийн хорооны энэ мэдээлэл үнэнд хэр нийцдэг вэ. Цар тахлаас болж инфляци өдөр өдрөөр нэмэгдэж, ам долларын ханш 2800-г даваад талийж өгсөн энэ цаг дор үнэхээр өрх бүрийн  орлого 1.4 сая төгрөг болж нэмэгдсэн гэж үү. Дээр нь Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаагаар энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 50 гаруй мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжчихээд байгаа.  Банкны хамгийн эмзэг үзүүлэлт болох зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсч иргэд орлогогүй болсны улмаас цалингийн зээлээс эхлээд ипотекийн зээлээ хүртэл төлж чадахгүйд хүрч Чанаргүй зээлийн хэмжээ 2 их наядыг даваад туучихсан энэ үед цалин орлого өсч, зарлага нь түүнээсээ 200 гаруй мянгаар даваад байгааг үнэндээ ойлгохгүй байна.

Эрх баригчид сонгуулийн өмнө мань мэтийнхээ тархийг угаагаад байх шиг. Төсөвт тодотгол хийхгүй явсаар сонгуулийн ард гарвал дараагийн Засгийн газар хамгийн түрүүнд сан хөрөнгөнийхөө амыг эргүүлэн гөвж, хамгийн түрүүнд Төсвийн тодотгол хийнэ. Дээр нь ам.долларын ханш сонгуулийн дараа эрх баригч бүү хэл эдийн засаг, зах зээлд баригдахгүй тэнгэрт хадна. Ажилгүйдэл бодитоор нүүрлэж 250 гаруй мянган иргэн ажилгүй, орлогогүй болно хэмээн эрүүл эдийн засагчид сэрэмжлүүлээд байгаа. Ийм байхад яаж өрхийн сарын орлого нэмэгдэж, зарлага нь түүнийгээ давж унаад байгааг нэг сайн ухахгүй л байна. Тэртээ 100 гаруй жилийн өмнө алдарт зохиолч Марк Твений хэлсэн  “Худал гэж бий, огт худал гэж бий, түүний дараа Статистик гэж бий” .гэдэг үг санаанд бууж байна. Статистикийг эрх баригчид зохиодог, гаргадаг.  Цаасан дээрх энэхүү зохимол гэж болох тооны ард монголчуудын өнөөгийн бодит амьдрал, үнэн түүх яагаад ч буухгүй байна.

Эндээс харвал Эрдэнэтэд ургамлын тосоо граммаар, талхаа таллаж авдаг амьдрал Статистикийн хаагуур нь зөрөөд байна вэ. Сар бүр хүнсний талон буюу эрхийн бичгээр бараа бүтээгдэхүүн авдаг өрхийн тоо өсөөд байгааг юу гэж ойлгох вэ.