Бид хотын иргэн боллоо
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     632    0

              Өнөөдөр тавдугаар сарын 25. Аргын тооллын 25, даваа гараг. Билгийн тооллын шинийн 3, сумъяа гараг.  Бас дээр нь жилд тоотойхон хэдэн удаа тохиодог Балжиннямтай өдөр.  Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрийн морин цаг буюу 12.00 цагаас Монгол орон даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг “Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арвандолоодугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас улс, орон даяар дагаж мөрдөнө” хэмээн тусгаж өгчээ.

Ингэснээр Монгол улс, монголчууд, иргэн бүр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөнө. 1992 онд Монгол орон ардчилал, зах зээлийн нийгэмд шилжин орж Шинэ Үндсэн хуулиа баталж 1992 оны нэгдүгээр сарын 13-наас мөрдөж эхэлсэн. Тухайн үеийн Үндсэн хууль бол нийгмийн тогтолцоог бүхэлд нь шинэчлэх агуулгатай байсан бол энэ удаа оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь төрийн тогтолцоонд, тохиргоо, засвар хийх шинжийг илүүтэй агуулсан гэж судлаачид үздэг.

Энэ удаагийн парламент Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих Журмын тухай хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр соёрхон баталсан. Уг хуулийн хоёрдугаар зүйлд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан УИХ-д мэдүүлж, шийдвэрлүүлнэ” гэжээ. Эндээс харвал бид өнөөдрөөс эхлэн Хотын иргэн болно. Манай хотыг Эрдэнэт гэж нэршинэ. Улсын чанартай Монголын гурав дахь том хот юм.

Хотын иргэн болсноор бид ихээхэн хариуцлага, үүрэг хүлээнэ. Хот өөрийн гэсэн татвартай ч байж болно. Хот болсноор Эрдэнэтийн төвд дураар бэлчих “эзэнгүй” мал сүргийг цэгцлэх, иргэдийн дагаж мөрдөх журмаас эхлээд бүх зүйл цаг хугацааны хувьд шинэчлэгдэнэ. Эрдэнэт хот захирагчтай байна, иргэд нь 501 хүнээс гарын үсэг авч, дэмжүүлж чадвал Хотын зөвлөлд сонгогдохоор өрсөлдөж болно. Энэ бүх өөрчлөлт хуулийн хүрээнд тун удахгүй хийгдэнэ.

Ойрын хэдэн өдөр манай аймагт бороо шаагиж, зуны амьсгал орж газрын өнгө сэргэж эхэллээ. Өнөө өглөөний нар бусад өдрийнхөөс ч илүүтэй сайхан мандлаа. Санаа дагаад ч тэр үү ойр ойрмогхон орсон усархаг бороо Эрдэнэтийн хуучин өнгө төрхийг угааж өнөөдрөөс эхлэн та биднийг Хотын иргэн, Хотын хүн хэмээн дуудахад улам  илүү өнгө, чимэг нэмж байна гэхэд болно. Ямар ч байсан өнөөдрөөс эхлэн бид улсын чанартай Эрдэнэт хотын иргэн хэмээн дуудуулах болж байна.