Монголын “Борис Жонсон” хонгилыг нураахаар Эрдэнэтийн зүг жийлээ
Мэдээ мэдээлэл 18 өдрийн өмнө     249    1

  УИХ-ын 2020 оны сонгуулийн нэр дэвшигч нар үндсэндээ тодорсон. Улс төрийн намууд нэр дэвшигчээ урьдчилсан байдлаар зарласан бол бие даагчид араас нь гарч ирлээ. Тэдний нэг болох Монгол улсын 27 дахь Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг бол Эрдэнэтэд шинэ өнгө, шинэ дүр төрхийг харуулахаар бие даан нэр дэвшиж  байгаа улстөрч.

Тэрбээр өнөө өглөө унадаг дугуйгаар Улаанбаатараас Эрдэнэтийн зүг гарчээ. Түүний хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол улсын 19 аймгийг хатуу хучилттай хар замаар нийслэл хоттой холбосон. Харин өнөөдөр Дархан-Улаанбаатарын тамын замыг биеэрээ туулж үзээд монголчуудад хандан үгээ хэлэхээр шийдсэн бололтой.

Нэгхэн жилийн өмнө дөө, Их британийн Ерөнхий сайдаар Борис Жонсон хэмээх улстөрч томилогдож тэрбээр Букингемийн ордон луу Хатан хаанд бараалхахаар унадаг дугуйгаар очиж дэлхийг дэлдийлгэж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дугуй унаж Эрдэнэт Улаанбаатарын хооронд аялж сонгуулийн ажилдаа орж байх шиг. Үнэндээ Эрдэнэтэд Монголын улс төрийн томоохон лидерүүд сонгуульд өрсөлдөхөөр ирж байгаагүй. Шахааны, халаасны, запасны нэр дэвшигчдээ чихэж биднийг доромжилдог байдал өнөө хэр арилаагүй. Бүр зарим тохиолдолд улс төрийн хоёр том хүчин хоорондоо тохироо хийж зарим нэг тойрогт хэн ч танихгүй эрхмийг энд тэндээс авчирч өгөөш, зөөлөн боорцог болгон бие биедээ хаяж өгдөг. Өнөөдөр ч ялгаагүй ийм л байгаа.

Эрээн бараантай ийм цаг үед Ц.Элбэгдоржийн үүсгэсэн “Хонгил”-ыг нураах улс төрийн ажилдаа орохоор Эрдэнэтийг зорьж яваа Н.Алтанхуягийг дэмжих хүн үнэхээр олон байна. Тэрбээр Увс аймгийн уугуул. Манай аймгийн 100 гаруй мянган иргэний 15 орчим мянга нь Увс аймгийн харьяат малчин, ажилчин, тариаланч, сэхээтэн гээд иргэд бий. Хэдийгээр МАН-аас сайд Ц.Нямдорж 8 дахь удаагаа  нэр дэвшихээр заларч байгаа бол түүний хажууд  улс төрийн жаргал, зовлонг биеэрээ туулж, үүрч байгаа Н.Алтанхуяг бол жинхэнэ эр хүн гэх юм билээ.

Ямар ч байсан Ц.Нямдорж УИХ-д дахин сонгогдвол “Би та нарт юу ч амлаагүй” гэж хэлээд 2024 онд Дарханд нэр дэвшинэ гээд явж мэднэ. Харин Н.Алтанхуяг ард түмний дунд алхаж, унадаг дугуй унаж, самбар дээр бодит хонгилыг зурж байгаа учраас эрдэнэтчүүдийн өөдөөс ихэрхээд, загнаад, зандраад байхгүй.

Өнөө цагийн улс төрд Монголын “Борис Жонсон” хэмээн нэрлэхэд буруудахгүй нэгэн эрхэм Эрдэнэтийн сонгуулийн улам өнгөтэй болгож, Эрдэнэтийн ирээдүйг хамтдаа бүтээлцэхээр Дарханы замаар жийж явна.