Салхи секундэд 34 метр хүрч шуурахыг анхаарууллаа
Мэдээ мэдээлэл 21 өдрийн өмнө     144    0

           Байгалийн гамшигт үзэгдэл нь олон жилийн судалгаанаас харахад давтамжтай байдаг гэнэ. Одоогоос арав гаруй жилийн өмнө 2008 оны тавдугаар сарын сүүлчээр байгалийн гамшигт үзэгдэл болох хүчтэй цасан ба шороон шуурга болоход 52 хүний амь эрсдэж, 380 гаруй мянган толгой мал хоорогдож, эрчим хүчний 60 гаруй, холбооны 660 гаруй шон унаж, 110 гаруй барилгын дээвэр хуурч улс орон нутаг, байгууллага аж ахуйн нэгж, хувь хүнд их хэмжээний бараа, эд материалын хохирол учруулж байсан түүхтэй. 

Тэгвэл  маргааш Монгол орны төвийн болон зүүн зүгийн нутгийг хамран шуурах энэ удаагийн хүчтэй салхи, шуурга 2008 оны хэмжээнд хүрч болохыг ч Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Бүр тодруулбал, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Төв Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүрч ширүүсэх хүчтэй шороон шуурга болохыг анхааруулж байна. Мөн Хэнтий, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагын зүгээс мэдээлээд байгаа билээ. Иймд цаг уурын байгууллагаас иргэдэд хандаж урьдчилан сэргийлэхийг анхааруулж малчдыг малаа бэлчээрт гаргахгүй байх, жолооч нар болон иргэдийг зүүн аймгийн зүгт тээвэрт гарахгүй байхыг албан ёсоор анхааруулжээ..