Нэгдүгээр улирлын ажлаа цахимаар тайлагнажээ
Уул уурхай 10 сарын өмнө     128    0

Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн 2020 оны нэгдүгээр улирлын аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны тайлан хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаа тайлангийн хурлыг корона вирусын халдвартай нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулсан нь онцлог юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унасан, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд Эрдэнэт үйлдвэр үнийн зургаан түвшинд хөтөлбөр гаргаж, мөрдөн ажиллаж байна.

Үйлдвэрийн газрын удирдлагууд цех, нэгжүүдийг хэмнэлтийн бодлогын хүрээнд өртөг зардал хэрхэн бууруулсан, үйл ажиллагаандаа ямар ахиц өөрчлөлт гаргасан, хөрөнгө оруулалтын ажлуудыг цаг хугацаанд хийж гүйцэтгэсэн байдалд гол ач холбогдол өгч дүгнэсэн юм. Энэ үеэр Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар угсралтын цехийн хамт олныг нэгдүгээр улиралд амжилттай сайн ажилласныг онцлон сайшаасан бол үйл ажиллагаа нь тодорхой хугацаагаар хязгаарлагдаад буй Нийгмийн цехүүдэд ажлаа тодорхой төлөвлөн ажиллахыг үүрэг болгов. Хэдийгээр үйл ажиллагаа нь хумигдсан ч Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олны зүгээс нийгмийн цехийн ажилчдын цалин хөлсийг хэвээр хадгалах, боломжтой ажлын байраар хангах бодлого барьж байгааг ч энэ үеэр онцлов. Тайлангаас үзэхэд үйлдвэрийн газрын бүх цех, нэгж өртөг зардлаа зохист хэмжээнд бууруулан ажиллажээ. Үйлдвэрийн удирдлагууд ч нэмэлт орлого олох боломжийг бүх талаар хайж байгаагаа илэрхийлсэн. Эрдэнэт үйлдвэр нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна өнгөрсөн жил менежментийн үйл ажиллагааны үр дүнд 150 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. Харин 2020 оны нэгдүгээр улиралд худалдан авалтын төлөвлөгөөнөөс 6,7 тэрбум төгрөг хэмнэж, экспортын бүтээгдэхүүний гэрээний нөхцөлийг сайжруулсны үр дүнд 2,2 сая доллар, мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг үр дүнтэй байршуулж, мөнгөний бодлого зөв хэрэгжүүлсний үр дүнд 4 орчим тэрбум төгрөгийн хүүгийн орлого олжээ. Үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэхээс гадна менежмент, удирдлагын бодлогын хүрээнд нэмэлт орлого олох боломжуудыг бүрэн дүүрэн ашиглан ажиллаж байгаа талаар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа ярилаа. Тэрээр мөн дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ унахад технологийн материалын үнэ дагаад буурах зүй тогтол байх ёстой гэдэг үүднээс үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоож үнийг боломжит түвшинд бууруулж, худалдан авалтын үйл ажиллагаанаас хэмнэлт гаргахыг зорьж байна гэв.

Тайлангийн хурлаар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, хүний нөөцийн сургалт, хөгжлийн асуудалд онцгой анхаарах, тэр дундаа цехийн үйл ажиллагааны үр дүнг тоогоор илэрхийлдэг эдийн засагч нар, хүний нөөцийн бодлого тодорхойлдог мэргэжилтнүүдийн ур чадварын түвшнийг тодорхойлох, давтан сургаж чадавхжуулах шаардлагатай гэж үзлээ.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс