Алданги нэрээр дээрэмдсэн мөнгөө айсуй сонгуульд зарцуулах гэж байгаа юм уу
Нийгэм, Улс төр 5 сарын өмнө     2060    13

          Дэлхий даяараа цар тахалд нэрвэгдээд байх ахуйд төв Азийн цээжинд Монгол хэмээх хөгжиж буй ядуувтар орны Эрдэнэт гэдэг хотын Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар “Эрдэнэт ус” гэгч байгууллагын дарга Д.Бүүвэйбаатар хэмээх эрхэм айл өрх, аж ахуйн нэгжид Алданги тооцож, “дэлхийн од” болоход тун ойрхон болжээ. Засгийн газрын тэргүүн нь иргэд гэр хорионд орж, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа хаасан учраас хүү, алданги  тооцохгүй байх тухай хэвлэлийн мэдэгдлийг хоолойгоо сөөтөл ярьж байгаа. 

Ерөнхий сайдын албан даалгаврыг Орхон аймгийн төр захиргааны удирдлагууд өөрсөд дээрээ гайхалтай мөрддөг нь тэд үүд хаалгаараа иргэдийг оруулахгүй, иргэдийг түшмэдтэйгээ утсаар яриулж, асуудлыг нь сонсдог. Аймгийн шуурхай зөвлөгөөнөө цахимаар хийж, хааяа нэг сэтгүүлчдэд төлөөний хүнээрээ мэдээлэл хүргэж байгаа нь дарга, сэтэртнүүд маань аминдаа арчаатайг гэрчилнэ.

Харин өнгөрч буй болон энэ долоо хоногт Эрдэнэт хотын цахим хэрэглэгчдийн дунд  Д.Бүүвэйбаатар даргын Алданги тооцсон талаарх гомдол санал хөвөрч байна. Цахимаар хурлаа хийж, асуудлыг цахимаар шийдэж байгаа Орхон аймгийн удирдлагууд “Эрдэнэт Ус” ОНӨҮГ-ын Алданги тооцож байгаа асуудлыг цахимаар шийдэж, иргэд, аж ахуйн нэгжээс алданги нэрээр хураан авсан дээрмээ эргүүлэн өгөхийг хүсч байна. Тухайлбал,  Орхон аймгийн иргэн Жанчивын Мягмардаваа аймгийн Засаг дарга Д.Батлутын нэр дээр “Эрдэнэт Ус”-ын 5 хувийн алданги тооцож байгааг буцаан олгохыг шаарджээ. 

Мөн 3-16 дугаар байранд үйл ажиллагааг явуулдаг аж ахуйн нэгж 465,1 мянган төгрөгийн төлбөр төлөөд, алдангид 65 мянган төгрөгөөр торгуульсан. Гурван өрөө байрны нэг сарын төлбөрийн алдангид өмнөх сард 4470 төгрөг хураадаг байсан нь энэ сард 6624 төгрөг болж нэмэгдүүлсэн зэрэг олон гомдол байна.

          Ер нь энэ Алданги гэгч нэрээр хэдэн оноос эхлэн айл өрх, аж ахуйн нэгжээс илүү төлбөр халаасалсаар ирсэн гэдгийг, цар тахлын үед хүн чанараа гээж байгаа Орхон аймгийн МАН-аас бүрдсэн засаглал хэрхэн иргэдээ шулж байгааг хатуухан ярих цаг болсон бололтой. Айсуй сонгуулийн сургаар алданги нэрээр хураасан мөнгөөрөө намынхаа нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах гээд байна уу, энэ эрх баригчид.