“Алданги” нэртэй цайрчихсан дээрмийн ард ямар даргынх нь ашиг сонирхол нуугдана вэ
Хотын амьдрал 3 сарын өмнө     2061    13

 “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨҮГ-ын удирдлага дэлхий нийтээр цар тахал дэгдээд байгаа энэ үед иргэдийнхээ төлж байгаа төлбөр, тооцоон дээр хугацаа хэтрүүлсэн нэрээр алданги тооцож жинхэнэ дүр төрхөө харуулж байна. Энэхүү ОНӨҮГ-ын дарга болох Д.Бүүвэйбаатар нь аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, энэ намын Хүний нөөц, боловсон хүчний асуудал эрхэлсэн том дарга.  

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх болон төр засгийн зүгээс цар тахлын үед иргэдийг элдвээр дарамтлахгүй, хүү торгууль, алданги тооцохгүй байх чиглэлээр ажиллаж байна хэмээн амаа эцтэл ярьж байгаа ч ачир дээрээ Д.Бүүвэйбаатар дарга тэргүүтнүүд эрдэнэтчүүдийн халаасыг “Алданги” нэрээр тэмтэрч, саах шиг болж байна. Яагаад ийм үед алданги тооцож байгаа талаар иргэд мөнгө хураагчаас асуухад “Бид яаж мэдэх вэ. Манай дарга л ав гэсэн” хэмээн хариулж байна. Ёстой нөгөө зовлонгоор зоологсод гэдэг шиг коронавирусийн сургаар дарга нарын үнэн дүр төрх илэрч байна.

Хамгийн гол нь “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨҮГ-ын албан конторын үүдэнд алданги тооцох болсон тухай мэдээлэл, дүрэм журам, иргэдэд хандсан алгын чинээ цаас ч алга. Тэр бүү хэл өнөөдөр эрдэнэтчүүд ус, дулааныхаа төлбөрийг албан ёсоор сар бүрийн хэднээс хэдний хооронд төлөх ёстой тухай мэдээлэл ч алга. Иргэд мэдэх эрхтэй, Д.Бүүвэйбаатар дарга мэдээллээ иргэдэд ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй. Түүнээс биш иргэдийн халаасаа сэгсрэн байж төлдөг төлбөр дээр нэмж алданги тооцоод, коронавирустэй хамтарч ард түмнийг шулаад байх эрхийг Ардын нам Д.Бүүвэй даргад өгөөгүй байсаар .

“Эрдэнэт ус”-д хэний, хаанаас боловсруулсан журмаар иргэдээс аваад байгаа алданги болох төлбөр хаашаа хэрхэн зарцуулагддаг вэ. Олон зуун хэрэглэгч, олон арван байгууллагаас төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлэхэд нь авдаг алданги хаашаа ордог вэ. Иргэд, аж ахуйн нэгжийн “Алданги” нэрээр төлөөд байгаа тэрхүү мөнгө  ОНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын халаас руу ордог юм уу, эсвэл Д.Бүүвэйбаатар даргын цай кофе, унадаг машиных нь бензин шатахуунд нэмэр болоод арилдаг уу гэдэг нь эрдэнэтчүүдийн хувьд сонин байна.

Коронавирус дэлхий даяар дэгдэж, цар тахлын хэмжээнд хүрээд байгаа энэ үед Д.Бүүвэйбаатар дарга 1 биш тэрбум төгрөгөөр “Эрдэнэт ус”-д байр барих гэж байгаа. Мөнгө хөрөнгийг нь ч аймгийн ИТХ-аар орж батлуулсан. Хамгийн сүүлд гэхэд шилжих үлдэгдлийн 4.3 тэрбум төгрөгөөс 200 саяыг байшин барилга дээрээ  нэмж тусгуулсан. Уг нь энэ мөнгө дарга нарынх биш л дээ. Эрдэнэтийн татвар төлөгчдийн мөнгө. Өнөөдөр хотын төвд Урт цагааны гудамжинд байршиж байхдаа төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гээд алданги тооцож байгаа дарга нар хэдэн тэрбумаар барьсан байшинд суунгуутаа алданги дээр нэмээд торгууль авна гэж дайрах вий дээ.

“Эрдэнэт ус”-ынхан иргэдийнхээ өмнө  “Та сар бүрийн тэдний дотор төлбөрөө төлнө” гэсэн албан ёсны мэдээллээ өгөх ёстой. Алдангийн талаарх мэдээллээ эхлээд бидэнд өгөөрэй. Түүнээс биш таньж мэддэг, уулзаж учирдаг хэвлэл мэдээллийн байгууллагадаа ажил хийж байгаа, ажил хийсэн нэртэй ам хаасан ярилцлага өгч битгий новшроорой. Бид эрдэнэтчүүдийнхээ өмнөөс цар тахлын дэгдэлтийн үед, иргэдийн эдийн засаг муудсан, хэтэвч нь нимгэрсэн үед алданги тооцож байгаа технологид чинь “Шүгэл үлээж” асуудал тавьж байна. Үгүй бол бид Ухнаагийн Хүрэлсүхийг унштал нь, Сангийн сайдыг хартал нь асуудлыг тавих болно.

“Эрдэнэт ус”-ынхан цар тахлын дэгдэлттэй энэ хүнд, хэцүү цагт ард иргэдийн төлөө ганц удаа ч гэсэн хүн ёсоор алданги тооцдог технологио зогсоох сэтгэл байна уу. Аль эсвэл алдангины мөнгөөр л амиа зогоох дээрээ тулчихаад байгаа юм уу.