Уурхайчдынхаа цалинг хадгалж, оновчтой санал гаргасан ажилтнуудаа урамшуулна
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     196    0

Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН:

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨДИЙГҮЙ МОНГОЛЧУУД ТА, БИД БҮГД ОНЦГОЙ ДЭГЛЭМД АЖИЛЛАЖ БАЙНА

-Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд зарласан онц байдал дууссан уу?

-Эрдэнэт үйлдвэрийн эрх зүйн чадамжтай холбоотой, тулгамдсан, төр засгийн түвшинд авч үзэх асуудлууд байсан. Энэ нөхцөл байдалтай уялдуулж Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоож 6 сар ажилласан. Онцгой дэглэмийн хугацаа дуусаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Засгийн газар асуудлыг УИХ-д тавьж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Онцгой дэглэмийн хугацааг 6  сараар сунган ажиллалаа. Ийм горимоор Эрдэнэт үйлдвэр нэг жил орчим хугацаанд ажиллахдаа их зүйл бүтээсэн. 

Онцгой дэглэм тогтоож ажилласан, коронавирусын тархалтаас үүдсэн эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдалд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бэлтгэлтэй байхад бид зохих хувь нэмрээ оруулсан гэж ойлгож байна. Хэдийгээр хуулийн хүрээний Онцгой дэглэм дууссан ч коронавирусын тархалт болон дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнийн уналтаас үүссэн нөхцөл байдал нь Онцгой дэглэм бус, Онцгой-гийн онцгой дэглэм болж, энэхүү нөхцөлд улс орон, тив дэлхий үе шаттайгаар шилжин ажиллаж байна. 2019 онд зөвхөн Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоож байсан бол өнөөдөр Монголчууд та, бид бүгдээрээ Онцгой дэглэмд ажиллаж байна.

-2020 он сонгуулийн жил, Эрдэнэт үйлдвэр хэвийн ажиллаж байгаа энэ үед улс төрийн нөхцөл байдлаар гаднаас халдах байдал ажиглагдаж байна. Сошиал орчинд мэдээллийг цензургүй хүргэж байгаа үйлдлийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд улс төрөөс ангид ажиллаж байгаа гэж ам бардам хэлнэ. Биднээс шалтгаалсан улс төр байхгүй. Гэвч Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаас шалтгаалаагүй улс төр байхыг үгүйсгэхгүй. Бид аль болох улс төрөөс ангид байх зарчмаа баримталж ажиллахыг хичээж байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг улс төржүүлж, ямар нэг байдлаар гоочлоод байвал яалтай билээ. Гэвч ийм зүйлд эмзэглэх хүмүүс нь уурхайчид биш. Ийм ажлаар хөөцөлдөж явах цаг нар үйлдвэрийн удирдлагад байхгүй. Тэр ажил руу манай ажилтнуудыг, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүсийг турхирах, уруу татах зүйл байдаг байх. Энэ удаагийн сонгууль амаргүй нөхцөл байдалд явагдах нь. Тиймээс улс төрчид, сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн хүчнүүд нөхцөл байдлыг ойлгож, монгол ухаанаар өөр сонгууль хийгээсэй, бие биеэ бага муулаасай, ямар нэг улс төрийн хөөрөлд бага автаасай гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага төдийгүй уурхайчид хүсэж байна. Бид баялгаа бүтээж сайхан ажиллах юмсан, уурхайчдынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх юмсан, үйл ажиллагааныхаа үр дүнгээр Эрдэнэт үйлдвэрийнхээ эдийн засгийн цар хэмжээг өсгөж, тэр хэмжээгээр Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах юмсан, Эрдэнэтчүүдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх юмсан, улс орон нутгийнхаа төсвөөр дамжуулан улс орныхоо төдийгүй бүс нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах юмсан гэж хүсэж байна. Ерөнхий Сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан энэ удаагийн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг улс төрөөс ангид байлгах боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Тодорхой жишээ нь миний орлогч захирлууд юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар намайг улиран томилогдоход, “Өөрийн орлогчийг үйлдвэртээ ажилладаг, мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр бүрдүүлэн ажиллаарай” гэсэн. Энэ зарчмын дагуу би ажиллаж байна. Дөрвөн орлогчоос гадна газар, хэлтэс, цех, нэгжийн дарга нар бүгд тухайн ажилдаа мэргэшсэн, дадлага туршлагатай хүмүүс бий. Шударга зан чанар, ажил үүрэх, ачаалал даах чадварыг нь бодолцон ажиллуулж байна. Үйлдвэр аж ахуйн газар улс төрөөс ангид байх хэрэгтэй юм байна. Эрдэнэт үйлдвэр сүүлийн 3 жил үйлдвэрлэл, үр ашиг нь өссөн. Уурхайчид мэдлэг боловсрол, чадварынхаа хүрээнд өсөж дэвжээд явах боломж бүрдсэн. Энэ зарчмыг ярьсаар 3 жил болоход 400-аад инженер залуучуудыг дэвшүүлэн ажилласан дүн гарч байна. Цаашдаа ингэж ажиллах боломж олдох байх. Бидний сүүлийн жилүүдэд ажилласан нөхцөл байдал Эрдэнэт үйлдвэр төдийгүй уул уурхайн салбарт хэв маяг болон үлдэх байх. Бусад салбарт ч мэргэжлийн ажлыг мэргэжлийн хүн хийдэг зөв голдрилд ороосой гэж хүсэж байна.

-Цаашид Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг хэрхэн авч явах вэ?

-Хямралтай, өвчин эмгэг тахлын түвшинд яригдаж байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хүнийхээ төлөө шаардлагатай бүхнийг зориулж байна. Эрдэнэт үйлдвэр анхнаасаа хүний төлөө байгуулагдан, үеийн үед хүний төлөө ажилласан. Цаашдаа ч үйл ажиллагааныхаа чиглэлийг хүндээ шилжүүлнэ. Миний нэг зарчим бий. Хүн сайн ажиллавал ажил сайн явна, үр дүн гарна. Мэдлэг боловсрол, дадлага, туршлагаас их зүйл хамаардаг. Тэр ч утгаараа өнгөрсөн 3 жилийн хугацаанд цалингаа 45 хувиар нэмсэн нь өнөөгийн хямралын үед тус нэмэр болж байна. Эрдэнэт үйлдвэр 1300 гаруй айлын орон сууцыг барих ажлаа эрчимжүүлнэ. Урьдчилан батлуулсан хуваариар ихэнх нь энэ ондоо ашиглалтад орохоор төлөвлөж байна. Тендертэй холбоотой цаг нар алдаж байгаа зүйл байх ч бид хичээж ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад өгсөн үүрэг чиглэлийн дагуу 1А хорооллын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон. Энэ онд 12,5 тэрбум төгрөг гарган, аймагтаа хөрөнгө оруулалт хийж байна.

Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.БАТМӨНХ:

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед уурхайчдын ажлын хувцас, хангамжийн асуудлыг тасалдуулахгүй байхад ямар арга хэмжээ авч байна вэ?

-Үйлдвэрлэл явж байгаа учраас ажилчдын ажлын хувцас, багаж хэрэгсэл хязгаарлагдахгүй. Ганц асуудал нь, бусад улс орнуудын хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсож, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээр бараа материалын хомсдол үүсэж болзошгүй байна. Энэ мэдээллийн дагуу урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилласан. Бодлогын чанартай ажлын дүнд бид ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг бэлтгэж чадсан. Хүндрэл үүсэхгүй.

 

Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.ДЭЛГЭРБАЯР:

ХҮМҮҮСЭЭ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БАЙХ ТАЛ ДЭЭР ИЛҮҮ АНХААРЧ БАЙНА

-Нийгмийн цехүүдэд сул зогсолт хийж, ажилчдыг 65 хувиар цалинжуулах талаар ярьж байсан. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгнө үү?

-Уурхайчдынхаа орлогыг бууруулахгүй боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийгмийн 2-3 цехийн үйл ажиллагаа зогссон ч бүх ажилтныг цаашид ажилтай байлгах тал дээр олон ажил төлөвлөж байна. Энэ үед зарим төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажилд ажилчдаа татан оролцуулах тал дээр судалж, 4 дүгээр сарын 1-нээс ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Бусад үйлдвэрийн газар Хөдөлмөрийн хуулийн дагуу цалингийн 40-60 хувийг өгч, ажилчдаа амрааж байна. Бид энэ жишгийг дагаж мөрдөхгүй байхаар шийдвэрлэж, хүмүүсээ ажилтай, орлоготой байх тал дээр илүү анхаарч байна.

 

Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.ҮҮРИЙНТУЯА:

ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ, ЧИГЛЭЛ ИРНЭ БАЙХ

-Монгол Улсын Засгийн Газар иргэдийн нийгмийн даатгал, ХАОАТ-ыг 4 дүгээр сарын 1-нээс эхлэн 6 сарын хугацаанд чөлөөлөх тухай шийдвэрлэсэн. Үйлдвэрийн газарт хэрэгжих үү?

-Монгол Улсын Засгийн газар 03 дугаар сарын 27-ны өдөр санхүү, эдийн засгийн хямралтай нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх бодлого шийдвэр гаргасан. ХАОАТ-аас болон бүх аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх асуудлууд яригдсан. Ямар нэг байдлаар Төрийн өмчит үйлдвэрийн газар гэж ялгасан шийдвэр тухайн мэдэгдэлд хийгдээгүй. Хийсэн мэдэгдлийн дагуу төр захиргааны байгууллагаас тодорхой шийдвэр гарч, хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж, чиглэлүүд ирнэ гэж бодож байна. Эрдэнэт үйлдвэр энэ зөвлөмж, чиглэлийн дагуу бусад  аж ахуйн нэгжийн хамтаар хамрагдана гэж ойлгож байна.

 

Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН:

БИДНИЙ БАРИМТАЛЖ БАЙГАА ГОЛ ЗАРЧИМ БОЛ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛООД ХЯМРАЛААС ҮҮДЭН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЗОГСОХ, БУУРУУЛАХ АЛХАМ БАЙХГҮЙ

Эрдэнэт үйлдвэр 2020 оны зорилтот түвшин, төлөвлөгөөг өндөр түвшинд баталж өгсөн. Төлөвлөгөө шахуу байгаа хэдий ч үүссэн нөхцөл байдлыг давж гарахын тулд хүдэр боловсруулалтын хэмжээг 300 мянган тонноор нэмэгдүүлж байна. Мөн зэс, молибдены металл авалтыг боломжит хэмжээгээр өсгөх шийдвэр гаргасан. Энэ нь үйлдвэрлэлийн өсөлт, технологи үзүүлэлтийн сайжруулалтаар нэмэлт орлого болох юм. Бидний баримталж байгаа гол зарчим бол эрсдэлтэй нөхцөл байдал болоод хямралаас үүдэн Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл зогсох, бууруулах алхам байхгүй. Харин ч үйлдвэрлэлээ хөгжүүлэх болно. Хамгийн гол ажилтнуудынхаа цалинг хадгалж, хямралтай байдлаас гарахад оновчтой санал гаргасан, санаачилгатай ажилтнуудаа урамшуулах, хянахад чиглэсэн тусгай журам гаргаж байна. Өөрөөр хэлбэл, зардал хэмнэсэн урамшууллыг бид хянана. Эрсдэл хямралаас бид салах учиртай. Тэгж гэмээнэ цаашдаа ашигт малтмалын гаралтай түүхий эд дэлхийн зах зээл дээр өснө. Бүтээн байгуулалтын ажлаа хийнэ гэдгээ гэж нүүр бардам хэлж байна. Гарах зардлаа аль болох хэмнэж, хэмнэлтийн тууштай бодлого явуулна. Хөрөнгө оруулалтаа эрэмбэлнэ. Тиймээс зөв сэтгэлтэй, ажлын төлөө хүн энэ хямралаас гадна байх боломжийг бид бүрдүүлж байна. Хямралыг давахад хувь нэмэр оруулсан хүн оруулсан хувь хэмжээгээр шагнал урамшуулал авах ёстой. Ингэж ажилласан цех, нэгжийнхнээ бид урамшуулна.