Ц.Нямдорж л биш шүү
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     457    1

“Covid-19”-ийн халдвар газар авахгүй, эрүүл мэндийн манаанд зогсож байгаа цагаан нөмрөгт баатрууд маань ХӨСҮТ-өөс гадагш нь гаргачихалгүй сайн ажиллаж чадвал 2020 оны УИХ-ын сонгууль болох юм шиг байна. Болох юм шиг байна хэмээдгийн учир нь өнгөрөгч баасан гарагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх монголчууддаа хандан мэдээлэл хийх үеэрээ “Сонгууль хойшлуулах нөхцөл байдал үүсээгүй” хэмээн онцолсон. 

Ерөнхий сайдын энэхүү мэдэгдэлтэй бараг зэрэгцэн “Орхон аймагт МАН-аас Ц.Нямдорж сайд нэр дэвших гэнэ” хэмээх яриа хүчтэй гэгч нь дэгдэж байна. Бүр зарим нэг түүний таньж мэддэг эрхмүүд, нутаг усныхан, улаан фэнүүд нь сонгууль маргааш болох гэж байгаа юм шиг  л “Ура” хашхирах нь холгүй гүйлдэж байгаа сурагтай. Ойрмогхоны хугацаанд  хэвлэл мэдээллээр ч “Ц.Нямдорж Эрдэнэтэд нэр дэвшинэ” гэх шуум ганц, нэгээр тогтохгүй гарч байсан.

Ц.Нямдорж сайдыг эрдэнэтчүүд эртнээс мэднэ, танина. Зарим нэг нь “Шударга үнэний туйл” хэмээдэг бол нөгөө нэг хэсэг нь “МАН-ын улаан хамгаалагч”, “МАН-ын асар, басруудын нэг” хэмээн түүнийг хүндэлдэг. 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш түүний хувьд “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь”, “Зориг агсны хэрэг”-ээр нэлээн мэргэших болсон. Энэ үйл хэрэг нь Эрдэнэтийнхэний тодорхой хувьд үнэхээр таалагддаг, дагаад сайшаадаг. Бас таалагддаггүй хэсэг ч багагүй байр суурийг эзэлдэг бололтой. Өнөөдөр 21 дүгээр зуун, шинэ мянганы 20-иод он. Энэ цаг үед дэлхийд төдийгүй Монголд шинэ үеийнхэн аль эрт гарч ирсэнийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болж. Тэд Ц.Нямдорж сайдыг нэр дэвшинэ гэдгийг сайн ойлгохгүй байна. Тэгээд ч монголчууд ирж яваа цагийн өнгийг харьж яваа улстөрчид тодорхойлохгүй гэж хэлдэг. Тиймээс шинэ үеийн залуучуудын Зөв ч юм шиг санагдана.

Ц.Нямдорж сайд 1992 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээс тасралтгүй 6 удаа сонгогдож, төрийн эрх барих дээд байгууллагад дархлагдсан, жинхэнэ мэргэшсэн парламентч болсон хүн. Бас болоогүй, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 5 дахь удаагаа ажиллаж байгаа. Бараг л ясны хууль зүйн сайд гэж болохоор. Нэг хэсэг УИХ-ын даргаар ажиллаж байсан зэргийг нь бодвол нэг хүнд дэндүү ахадсан ачааг тэрбээр өнөөг хүртэл үүрч явжээ. Үүнийг нь л шинэ үеийнхэн ойлгохгүй байгаа юм. Тиймдээ ч тэд “Энэ удаад Эрдэнэтэд Нямдорж л биш шүү” хэмээн толгой сэгсэрч байна.  МАН-ын гишүүн, ах дүү танил тал, найз нөхөд, үнэн ч шүтэн бишрэгчдийг нь ойлгож байна. Ц.Нямдорж гуай бол тэднийхээ хувьд оройн дээд шүтээн нь байж болно.

Одоо цаг өөр болжээ.  Шинэ үеийн залуус маань ахмадуудаа гавьяаных нь амралтад гаргаж  “гар газар хөл хөсөр байлгах”-ыг бодолгүй яахав. Ц.Нямдорж гуай ч гэсэн дээ, ач зээгээ тойруулаад, “Дурдатгал”-аа бичээд суух шиг сайхан юм хаа байхав. Тэгээд ч энэ оны тавдугаар сарын 25-наас Орхон аймаг улсын хэмжээний статустай Эрдэнэт хот болно. Нэн шинэ үеийнхэн бол Хотын хүүхдүүд. Тиймээс шинэ үеийнхэний саналыг хүндэтгэж, дэмжмээр байна.  

Ц.Нямдорж сайд 1956 оных. Энэ жил 64 настай гээд бодохоор яах аргагүй шинэ үеийн залуус түүнийг Эрдэнэтэд нэр дэвшинэ гэдгийг ойлгохгүй байх нь аргагүй аж. Өөрсдийнх нь эмээ, өвөө нар 64 нас хүрчихээд үр хүүхдээ тойруулаад, халуун дулаан ам бүлээрээ сууж байхад өөр нэг өвөө УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хийгээд Эрдэнэтийн гудамжаар алхаж явбал түүнийг “Шинэ цагийн, бидний төлөөлөл мөн” гэж хэлэхгүй л байх. Тэгээд ч өнөөгийн  УИХ дахь Ц.Нямдорж сайдын “он жав” Д.Лүндээ өвөөгөөс эхлээд “ТБД”, “Онцгой сайд” зэрэг улстөрчид ирэх сонгуульд намынхаа залуусын дээлийг захыг мушгих болсон тухайгаа өвөр зууртаа шивнэж байна. Дээр нь намын дарга У.Хүрэлсүх шинэ хүн, шинэ залуусыг дэмжихээ мэдэгдсэн зэргээс харвал Эрдэнэтийн залуусын зөв ч юм шиг. Ирж яваа цаг аа гэж...    

/Гэрэл зургийг Garchig.mn/