Б.Цолмон: Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Ц.Бат-Энх даргын тухай байгаагүй
Мэдээ мэдээлэл 6 сарын өмнө     396    0

МАН-ын Бага хурлын V хуралдаан  болсон. Энэ удаад хуралдаан анх удаагаа цахимаар явагдаж 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох Мөрийн хөтөлбөрөө баталлаа.  Цахим хуралд 21 аймаг, 9 дүүргийн Бага хурлын төлөөлөгчид 38 байршилд хуваагдан оролцсон байна. 

Манай аймгаас МАН-ын Бага хурлын төлөөлөгчөөр аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Цолмон, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮГ-ын Ерөнхий захирал С.Баярцогт, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, О.Содбилэг, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар сонгогдон ажилладаг аж.

Өнөөдрийн хуралдааны Мөрийн хөтөлбөр болон бусад хэлэлцсэн асуудлын талаар аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Цолмонгоос тодруулсан юм.

-МАН-ын Бага хурлын тавдугаар хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлын онцлог нь юу байв?

-Манай намын Бага хурлын хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралдаан анх удаагаа цахимаар явагдлаа. Мөн Бага хурлаар 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо баримтлах МАН-ын Мөрийн хөтөлбөрөө боловсруулж баталлаа. Цахимаар, олон байршлаас хуралдаанд оролцсон ч гэлээ төлөөлөгчид, гишүүд саналаа хэлэх, саналаа мөрийн хөтөлбөрт тусгах боломжийг бүрэн дүүрэн хангаж ажилласан.

-Энэ удаагийн Бага хурлаар танай намын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлөх, орны хүнийг нь томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж ойлгож байсан. Энэ асуудлыг хэлэлцэж шийдсэн үү?

-Бага хурлаар манай намын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлөх, орны хүнийг томилох тухай асуудал ерөөсөө яригдаагүй. Тийм зүйл болоогүй. Өнөөдрийн Бага хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ч намын Нарийн бичгийн даргын тухай асуудал байгаагүй.

-Тэгвэл Мөрийн хөтөлбөрөө л баталсан юм шив дээ?

-Тийм ээ. Мөрийн хөтөлбөрөө боловсруулж баталсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт намууд Мөрийн хөтөлбөрөө батлуулах учиртай. Тэр дагуу л Бага хурал хуралдаж Мөрийн хөтөлбөрөө боловсруулж, тогтоолын төслөө баталснаар хурал өндөрлөсөн. Өөр асуудал хэлэлцээгүй.