Үндсэн зээл, зээлийн хүүг 90 хоног царцаахаар болжээ
Нийгэм, Улс төр 20 өдрийн өмнө     97    0

Иргэн, аж ахуйн нэгжийн Зээл төлөлтийн хугацааг 90 хоногоор царцаах боломжтой болсон талаар Засгийн газраар хэлэлцэж баталжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар албан ёсоор мэдээлэв. 

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  “Хэрэглээний зээл авсан аж ахуйн нэгж, иргэн, бизнесийнхэн банкуудад хандсан байсан.  Нийт 1000 гаруй аж ахуйн нэгжийн 1-1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсныг банкууд маань манайд танилцуулсан. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр зээлийг хөнгөвчлөх, зөөлрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ярьдаг. Банкуудад активын ангиллын журам гэж байдаг. Энэ журам дээр тодорхой хөнгөлөлт үзүүлэх юм бол банк нь харилцагчиддаа хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн. Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь хэрэглээний зээл авсан байдаг. Үүнд ипотекийн зээлээс эхлээд тэтгэврийн зээл ч орно. Иймээс 90 хоногийн хугацаанд эдгээр зээлийн үндсэн зээл, хүү төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү нь бодогдохгүй болохоор хөнгөрөх боломжтой. Зохицуулалтын хүрээнд зөөллөөд өгч байгаа юм. Зээл гэрээгээр зохицуулагддаг. Аж ахуйн нэгжийн гэрээн дээр бүтцийн өөрчлөлт хийх боломжтой. Үүнийг журмын хүрээнд зохицуулсан. Хэрэглээний зээл дээр хүүгээ төлж чадахгүй бол ангилал буурах эрсдэл байдаг. Тухайн зээлдэгчийн хувьд ангилал буурахгүй, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш гурван сарын хугацаанд ангилал бууруулахгүй гэж үзсэн” гэлээ.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан шийдвэр:

-Хэрэглээний зээлийг 90 хоногийн хугацаанд үндсэн ба хүүгийн төлбөрөөс чөлөөлөх,

-Банкууд энэ хугацаанд хүүгийн төлбөр бодохгүй.

-Холбогдох асуудлаар банктай гэрээ байгуулна.

-Хэрэглээний зээлд: Цалин, Тэтгэвэр, Ипотек, Малчин, Лизинг -ийн зээлүүд хамарна.

-120 хоногийн хугацаанд зээлийн ангилал бууруулах үйлдэл хийгдэхгүй.  Өөрөөр хэлбэл, муу зээлдэгч гэсэн жагсаалтад орох эрсдлийг хамгаалж буй үйлдэл аж.

Санхүүгийн зохицуулах хороо

-ББСБ-аас авсан зээл 120 хоногийн дотор ангилал буурахгүй,

-Зээлийн өөрчлөлт дээр ангилал бууруулахгүй.

Зээлийн хугацааг хойшлуулах хоногийг 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн тоолох аж.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)