“Шүр” дэн буудлын эзнийг Мэргэжлийн хяналтаас хайгаад үз, Засаг дарга аа
Мэдээ мэдээлэл 21 өдрийн өмнө     74    0

“Covid-19” дэлхийг халууруулж, улмаар цар тахлын хэмжээнд хүрээд байгаа энэ үед манай аймагт “Шүр” дэн буудал түүнээс дутахгүй алдаршиж байна. Бараг л сүүлийн хэдэн удаагийн аймгийн Засаг даргын шуурхай дээр “Шүр” дэн буудлын эзнийг эрэл сурал болж, аймаг даяаараа хайгаад олохгүй байгаа гэдэгт эрдэнэтчүүд итгэх үү. 

Өнгөрөгч шуурхай дээр Засаг дарга Д.Батлут “3-23-ын Шүр буудалын талаар байнга яригдлаа. Тэр буудлын эзэн нь хэн юм бэ. Та нар зоригтойхон ажил л даа” хэмээн бухимдан Байгаль орчин, аялал жуулчлалын газрынханаас шаардсан. Нөгөөдүүл нь “дараагийн хурал дээр тодруулаад эзнийх нь нэрийг олоод ирье” гэж аргаа барж байхав. Үнэндээ “Шүр” дэн буудлын эзэн хэн бэ гэдгийг надаас илүүтэй Байгаль орчныхон сайн мэдэж байгаа. Түүнээс биш ажил хийе гэсэн бол аль хэдийнэ нэг дэн буудлын эзнийг аймгаараа, цагдаа тагнуулаараа хайлгаад олчих шиг амархан юм байхгүй. Ганцхан ажил хийе гэсэн сэтгэл дутдаг, танил тал хардаг явдал төрийн ажлыг, төрийн нэр хүндийг ийнхүү шавартай нь хутгаж байна.

“Шүр” дэн буудлын эзнийг Мэргэжлийн хяналт хавиас “шүүрдээд” үзвэл год гээд л гараад ирнэ дээ, Засаг дарга аа. Өнөөдөр Монгол улсад Монгол банкны хэлтэс, албаны дарга нар өөрсдөө ББСБ-ыг байгуулан мөнгө хүүлдэг болсныг бид харсан. Манай аймгийн хувьд гэвэл зарим нэг том толгойлсон дэн буудал энэ тэрний ард төрийн байгууллагын нэг хурган дарга сууж байдаг, хамааралттай болдог дүр төрх бий. Тиймээс “Шүр” дэн буудлын эзнийг Мэргэжлийн хяналт хавиас хайчих. Тэгээд асуудлыг нь нэг тийш нь шийдэх шиг амархан зүйл алга. Аягүй бол ирэх долоо хоногийн шуурхайд Байгаль орчны газрынхан “Шүр” дэн буудлын эзнийг олох гэж “Арааживаар зарлууллаа, байдаггүй. Онгоцоор хайлаа, олдсонгүй” гээд л сууж байх мэднэ.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)