Ц.Баяржаргал дарга Аймгийн Засаг даргын “Ы” ажиллагааг яагаад өөрчлөв
Хотын амьдрал 21 өдрийн өмнө     211    1

Манай төрийн алба, тэр дундаа аймгийн ЗДТГ-ын зарим албадын ажил ингэтлээ “ядуураад”, доройтчихсон юм гэж үнэндээ санасангүй. Аймгийн Засаг дарга нь тусгай ажиллагааны заавар, зөвлөгөө өгөөд байхад Хөгжлийн бодлогын хэлтсийнхэн бусадтайгаа хамтраад үнийн хөөрөгдөл бодитой байна уу үгүй юу гэдгийг тогтоочих чадалгүй болчих гэж. Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай дээр хэлсэн үгнээс харвал үнийн хөөрөгдлийг судлах талаар маш сайн арга зүйн заавар, зөвлөмж өгсөн юм байна шүү дээ. Бүр нэгбүрчлэн, детальчлаад зааж зураад “Ы” нэртэй ажиллагаа явуулах төлөвлөгөө зохиогоод байхад түүнийг нь өөрчлөөд Ц.Баяржаргал дарга хэвлэлийн камер дагуулчихсан давхиад очиход “Би үнээ нэмсэн” гэж хэлэх зоригтой аавын хүү хаа л байв гэж. 

Үнийн хөөрөгдлийг тогтоох ажлын хэсгийн гурван ч салбар гурван тийш гарч ажиллаад маргааш нь хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Энэ үеэр Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал “Үнийн хөөрөгдөл байгаагүй, гараагүй. Харин худалдаачид барааныхаа үнийг нэгбүрчлэн ил гаргаж бичээгүй л байсан даа зайлуул. Олон хүн үйлчлүүлэхээр Е баримтыг нь гар утаснаасаа хэвлэж өгөхийн тулд жаахан уддаг юм байна лээ хөөрхийс. Түүнээс биш нэг их тэднийг буруутгаад, үнэ хөөрөгдсөн гэж үзэх зүйл алга. Зарим томоохон худалдааны төвийн эзэн, тухайлбал, Есөн-Эрдэнэ захын Баярсайхан захирлыг дуудаж ирээд та нар үнээ нэмсэн үү гэж асуусан. Үгүй гэж байна лаа. Үнээ нэмээгүй л байна лээ” хэмээн асуултад хариулж суусан. Асуулт асуусан сэтгүүлчийг бараг л “Манай худалдаачид үнэ тарифаа нэмээгүй байхад чи юу гэж сонин юм асуугаад байгаа эсэргүү нөхөр вэ” гэх нь холгүй байсан даа. Хэвлэл мэдээллийнхэн ч энэ үеэр “атга гурил, чимх давс”-аа авах гээд тэр худалдааны төвүүдээр чинь үйлчлүүлсэн учраас  бодит байдал дээр ямар байсныг гадарлалгүй дээ.

Эндээс харвал Ц.Баяржаргал дарга тэргүүтэй Ажлын хэсгийнхэн аймгийн Засаг даргын зориудаар гаргаж өгсөн тусгай ажиллагааны төлөвлөгөөг  нурааж, өөрийнхөө ажиллаж, “Үнэ нэмэгдээгүй” гэсэн дүгнэлтийг яагаад гаргах болов гэдгийг сонирхвол яасийм.   Аймгийн Засаг дарга Д.Батлут даваа гарагийн шуурхай дээ “Та нарыг хяналт шалгалт хийнэ гээд очиход тэмээнээс тод тэмдэгтэй амьтад байхгүй юу даа. Хэн та нарыг очиход үнээ нэмээд зогсож байх вэ дээ. Би нэг тодорхой арга зааж өгсөн дөө, өөр хэн нэгэн хүнийг даалгавар өгөөд явуул асуудлыг шийдэхэд амархан байхгүй юу. Яг үнийн хөөрөгдөл байна уу гэдгийг мэдэхэд. Түүнээс биш  Батлутыг, Баяржаргалыг,Түвшинжаргалыг давхиад очиход хэн үнээ нэмж харагдах юм бэ. Комисс хуралдаад бөөндөө хэвлэл мэдээлэл дагуулаад очдог. Хэвлэл мэдээлэл, дарга нарыг харсан хүмүүс чинь юу гэж үнээ нэмж хэлэх юм. Та бүхний арга ажиллагаанд дутмаг зүйл  байна. Хэн ч танихгүй хүн явуулчих л даа, тусгай хэрэглэлтэй л явуулчих, тэгээ л болоо шүү дээ. Баримтжуулаад авлаа, болоо. Тэгээд л та ийм зөрчилтэй байна, та ийм зөрчил гаргалаа гээд л болоо байхгүй юу. Маш амархан, яг үнийн хөөрөгдөл бодит байна уу гэдгийг мэдэхэд. Түүнээс биш  Ганцогтыг, Зоригтбаярыг явуулчихад ёстой харагдаа ч байхгүй юу. Цаашдаа иймэрхүү нөхцөл байдал гарсан тохиолдолд иймэрхүү аргачлалыг маш хурдан шуурхай авч хэрэгжүүлж байх хэрэгтэй” . хэмээсэн юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)