ИТХ-ын төлөөлөгчид авлигад өртөх магадлалтайг тогтоожээ
Мэдээ мэдээлэл 22 өдрийн өмнө     67    0

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас хяналт шалгалтын үйл ажиллагааны хүрээнд илэрсэн нийтлэг зөрчлийг арилгах чиглэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлд албан бичиг хүргүүлсэн байна. Уг бичигтээ бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид .авлигад өртөх магадлалтай болсон талаар дуулгасан байх юм. Энэ талаараа ч тэд өөрсдийн гэсэн судалгаа хийж эцэст нь ийм дүгнэлтэд хүрсэн байна. Бүр зарим аймаг, орон нутагт аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь, бүр тодруулбал 70 гаруй нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байгааг тодруулжээ.

Тэдний хувьд төрийн жинхэнэ албаны удирдах буюу орон нутаг дахь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ИТХ-ын төлөөлөгчийн хувьд тухайн жилийн байгууллагын төсвийг батлахад оролцож, өөрийн баталсан төсвийг өөрөө захиран зарцуулах, захиргааны бусад шийдвэрийг бие даан гаргах эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа нь  “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-иар төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон хориглолт, хязгаарлалт зөрчигдөх эрсдэлийг бий болгож байна хэмээн АТГ-ынхан үзсэн аж.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон улс төрийн албан тушаалтан нь тухайн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдож байгаа нь  “Төрийн албаны тухай хууль” болон “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 18, 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчсөн гэж АТГ-ынхан дүгнэсэн байна.

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)