Ерөнхий сайдын Эрдэнэтчүүдэд барьсан “бэлэг” ажил хэрэг болох нь ээ
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     296    1

Ерөнхий сайдын Эрдэнэтчүүдэд барьсан “бэлэг” ажил хэрэг болох нь ээ

Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн оны намар манай аймагт ажиллахдаа эрдэнэтчүүд бидэнд 14 сая ам.долларын бэлэгтэй ирсэн. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш Эрдэнэт хотын иргэдийн шүдний өвчин болоод байсан үерийн далан барих ажлын ТЭЗҮ хийгдэж дуусчээ.

Өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордонд Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Европын холбооны санхүүжилтээр Эрдэнэт хотын үерийн даланг шинэчлэн байгуулах ТЭЗҮ-г  аймаг, орон нутгийн удирдлагуудад танилцууллаа. ТЭЗҮ-г  “Sweco” групп, “Монкансалт” ХХК зэрэг байгууллага хийж гүйцэтгэжээ.

Үерийн даланг сэргээн байгуулахад хотын хэмжээнд 14 мянган м3 далан, 1900 метр үргэжлэх бетон доторлогоотой суваг, 23 мянган метр байгалийн суваг, 15 ширхэг хоолойг шинээр солих, усны энерги унтраах байгууламж 7-г байгуулахаар туссан байна. Төслийн хүрээнд нийтдээ 14 сая ам.долларын санхүүжилт хийгдэнэ. Үүний 7 саяыг нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Засгийн газрын урт хугацааны зээл хэлбэрээр, үлдсэн 7 сая ам.долларыг нь Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгох гэнэ.

Нийт 14 сая ам.долларын 11 саяыг нь үерийн далан шинээр барих, засварлах ажилд үлдсэнийг нь ус дулааны хангамжийг сайжруулахад зарцуулах болсон талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэд бүтэц хариуцсан мэргэижлтэн энэ үеэр мэдэгдлээ. Мөн энэ ажлын тендэр зарлах ажил ирэх онд явагдахыг албаныхан онцоллоо. Аймаг, орон нутгийн зүгээс хийсэн судалгаанаас харвал  2013-2018 оны хооронд Эрдэнэт хотод нийт 9 удаагийн үер усны гамшиг тохиолдсоны улмаас 7 хүний амь нас эрсдэж, иргэн, ААНБ-уудад олон сая төгрөгийн хохирол учирсан ажээ.