Эрүүл мэндийн сайд аа, Эрдэнэтийн эмч нарын хандлагыг өөрчилж өгөөч
Нийгэм, Улс төр 4 сарын өмнө     8146    58

Орхон аймгаас шинэ короновирусын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл гарч, аймгийн Онцгой комисс хуралдан түмэн ажил ундарсан нь өнгөрсөн долоо хоногт. Улс даяар булайгаа дэлгэж, согтуу хүний үгээр анхны асуумж авсан эмч, эрүүл мэндийн байгууллагын удирдлага “хэрвээ онц дэглэм тогтоох хэмжээнд вирус илэрвэл яах вэ” гэсэн бэлэн байдлын шалгалтад тааруухан дүн авлаа. Тиймээс ч цахим ертөнцөөр “согтуу эр Ухаа худгаас ирлээ гэснийг эмч, Ухань хэмээн сонсчээ” гэсэн онигоо ч гараад амжив. 

Энэ жишээ алдаа гаргах эрхгүй эмч хүний хайхрамжгүй хандлага гэж болохоор. Эрдэнэт хүний амь насыг эзэмшсэн мэргэжил, өргөсөн тангараг, хүн чанарын хувиар гартаа атгаж яваа манай Орхон аймгийн БОЭТ-ийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд харилцааны хандлагаа бүрэн өөрчлөх хэмжээнд хүртэл доройтсоныг бид олон жил харсаар, бүр эвлэрч, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор..........

“Юундаа сүржигнээд короновирусын хажуугаар цаг наргүй, нойр хоолгүй яваа манай эмч нар руу дайрав” гээд БОЭТ-ийн дарга Д.Батсүх ханцуй шамлан өрвөлзөх нь энүүхэнд. Энэ хүн эрүүл мэндийн байгууллага, эмч нараа өмгөөлж хамгаалан хэний ч урдаас ганц үг газар гээхгүй зовлон бэрхшээл, гачигдал дутагдлаа ярихдаа хамгийн гарамгай нь  гэж хэлж болно. 

Зүй жамаараа бол уг удирдлага иргэдийн төлөө зүрх сэтгэлээ бүрэн зориулан ажиллахыг эмнэлгийн ажилтан бүртээ итгүүлж үнэмшүүлэн, байгууллага дээрээ хэвшүүлэх үүрэгтэй хүн. Өнөөдөр ямар ч иргэн БОЭТ-ийн эмчийн хаалга татахад, урдаас нь төвөгшөөсөн, эрхэлсэн ажилдаа туйлын сэтгэл дундуур, өдөр хоног, цаг, хоромыг арай ядан өнгөрөөж яваа асар гунигтай, дарамтанд суугаа хүмүүс мэт санагдана.

Эрдэнэтийн гэр бүл болгонд эмч нарын дээрх аймшигтайгаар зүйрлэсэн хандлагад нэрвүүлсэн гашуун дурсамж, гунигтай түүх бий. Бид эмч нараас олон гайхамшиг шаардахгүй, хамгийн түрүүн хүнд хандаж байгаа хандлагаа зөв, эерэг болгож, бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулаад эхэлвэл, танд баяр баясгалан аяндаа ирнэ гэж хэлмээр байна, таньд.

Монгол улсын ууган эмнэлгүүдийн нэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хаалгаар ороход, 21 аймгаас ирсэн хөдөөний олон зуун хүнд яаж үйлчилж байгааг харахад Эрдэнэтийнхэн хэдэн эмч нараа толгой дээрээ гаргачихсан юм байна гэж бодогдоно. Уншигч та ч санал нийлэх болов уу. Ямар сайндаа л ааш ууртайгаараа “Элэг цөсний тэр, тийм өвчний энэ” гэх мэтээр иргэдээс хоч авч, энэ нэрэндээ бараг эрдээд байх шиг, удирдлага нь ч дийлэхээ больсон жишиг зөвхөн манай эмнэлэгт л бий. Нэгдүгээр эмнэлгээс манайд залуу эмч нар шилжин ирж ажиллаж байна, мэдлэг боловсрол, харилцааны соёлоор манай архагуудаас тэс өөр.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн 2019 оны 9-р сарын 04-ний өдрийн А\406 тоот тушаалаар “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм” батлах тухай, мөн “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх журам”-ыг 2017 онд А\256 тоот тушаалаар Эрүүл мэндийн сайд баталсан байна. Энэхүү тушаалуудын хаагуур нь Орхон аймгийн БОЭТ бултаж гараад явна вэ.

Хувийн хэвшлийн эмнэлгийн Мэдээллийн самбар дээр сайдын тушаалыг иргэдэд танилцуулж, өнгөрсөн сарын “Үйлчлүүлэгчийн талархал хүлээсэн эмч”-ийг нэрлэжээ. Энэ бол зөв хандлагын тод жишээ.

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэгийн “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт” илтгэлд Эрдэнэтийн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагад 21 байгууллагын 390 хүнээс асуулга авахад, иргэдийн сэтгэл ханамж 90-95 хувиар хэмжигдэх өндөр үзүүлэлттэй гарсан тухай онцлон тэмдэглэжээ. Болоо ч үгүй, энэ судалгааг 2019 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагатай хамтран хийсэн гэжээ. Хоёрдогч этгээдтэй хамтраад өөрийгөө судлахаар ийм үзүүлэлт гарах нь зөв л дөө. Мөн уг илтгэлд, 2019 онд иргэдээс Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагатай холбоотой 228 гомдол хүсэлт ирсэнээс 69 хүсэлт, 126 талархал, 33 гомдол ирсэн гэж оруулжээ. Өнгөрсөн оноос талархал 5 дахин өссөн гэж байна шүү.  Энэ статистик үзүүлэлтийг ярихдаа манай эмнэлгийнхэн ичих хэрэгтэй. Амьдрал дээрхээс тэс өөр ийм үзүүлэлтийг ямар хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн бэ. Өөрсдийгөө хуурсан, ичмээр зүйл хийж, ярьдагаа одоо больчих хэрэгтэй.

Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн дарга Д.Батсүх та, эмч, ажиллагсдаа үйлчлүүлэгчийнхээ өмнөөс хараад инээмсэглэж сургаагүй учраас сайн дураараа огцорвол яасан юм бэ. Аймгийн удирдлагууд Улсын нэгдсэн нэгдүгээр төв эмнэлэг, Гуравдугаар эмнлэгүүдээс харилцааны шинэ менежментийг богино хугацаанд хэрэгжүүлээд ажиллах чадвартай шинэ цагийн мэргэжилтнүүдийг урьж, БОЭТ, эрүүл мэндийн байгууллагуудад харилцааны Шинэ Хувьсгал эхлүүлээч.

Улсын том эмнэлгүүдийн эмч нарын мэдлэг боловсрол, орчин үеийн анагаах ухааны ололт, мэдээллийг цаг алдалгүй авч, дэлхийн даяарчлалд хөл нийлэн, гадаад хэлний боловсрол, мэргэжлээрээ мэргэших тал дээр бүр тасарчихаж. Харин манай Эрдэнэтийн эмч нар өнөө л бахь байдгаараа үйлчлүүлэгчид энгийн үгээр тайлбарлаад ярьчих нь байтугай, ихэмсэг нь хэтэрсэн, “хаалгаа хаа, одоо үзэхгүй, чи хэн бэ миний өөдөөс юм ярьдаг” гэсэн хандлагаар ажлын цагийг өнгөрөөж сууна.

Харилцааны хандлагын шинэ менежментийг Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллага, БОЭТ дээр даруйхан эхлүүлж өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүсэх үү Эрдэнэтийн иргэд ээ. Аргаа барсан гуйлт ч гэсэн цаана нь эрдэнэт хүний амь нас, олон олон гэр бүлийн аз жаргалтай амьдрал байгаа юм шүү.