Зарим “Заримдагууд”-ад хариуцлага тооцъё
Мэдээ мэдээлэл 17 өдрийн өмнө     238    0

Хэдхэн хоногийн өмнө “Орхон аймагт шинэ коронавирусын сэжигтэй тохиолдол гарлаа” хэмээх мэдээ цахим орчинд маш хурдан тарж биднийг бага гэлтгүй аймшиг, сэтгэл санааны дарамтад автуулаад авсан. Энд тэндээс утас цохисон дуудлага ирж “Одоо яана аа, хөдөө гараад ир. Удахгүй хөл хорио тогтоочихвол дөрвөн хананаасаа гарч чадахгүй болох нь. Энэ үнэн үү, хэдэн хүүхдээ яах вэ” хэмээн асуусан, айсан танилууд маань ч хүндхэн байлаа. Тэр бүү хэл аймгийн Онцгой комиссыг нэн яаралтай хуралдахад хүргэж албан бусаар дарга нарын бэлэн байдлын зэргийг шалгаад амжсан. 

Гэтэл бодит байдал дээр Булган аймгийн иргэн нэг нөхөр архи ууж согтуурхсан үедээ анхдагч болж тодрохыг хүссэн үү, аль эсвэл биднээр тохуурхахаар шийдсэн үү өрхийн эмнэлэг дээр очиж  “Би халуураад байна. Би Хятадын Уханьд тээвэр хийж байгаад ирсэн” хэмээн дүвчигнэж. Эмч нар ч дээрээс  өгсөн чиг үүрэг, зааврын дагуу Уханиас ирсэн гэхлээр нь ухаан нь гарах дөхөхдөө яаралтай арга хэмжээ авч өнөөх нөхрийг тусгаарлан, шат дараалсан арга хэмжээ авчээ. Улмаар яаралтай шинжилгээ, дээж авч түүнийгээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лаборатори руу  илгээсэн байна. Энэ хойгуур цахим орчинд “Орхон аймагт шинэ коронавирусын сэжигтэй тохиолдол илэрчээ” гэсэн мэдээ хуурай өвсөнд ассан түймэр мэт Монгол орон даяар гэлтгүй дэлхий дахинаа тархсан гэхэд болно. Эмнэлгийн ажилтнууд ч ам дамжуулан “Өнөөх чинь манай аймагт ороод ирж. Яана аа ийнээ” болж ийш тийш нь баахан мэдээлсэн бололтой. Иймэрхүү байдлаар “Түгшүүрт хорвоогийн наран дор” Эрдэнэтчүүд нэг өдрийг өнгөрүүлсэн. Маргааш нь сонсох нь ээ өнөөх нөхөр согтуудаа жаахан солиорч орхисон нь битднийгээ хөлдөө чирэхэд хүргэх шахсан. Ямар сайндаа шооч зарим нэг иргэн “Эмч нар Ухаа худагаас ирлээ гэж согтуу нөхрийг хэлэхэд нь буруу сонсоод Уханиас ирлээ гээд оношилжээ” гэж байхав. За энэ тэр ч яахав.

Дурандаа, сонирхолдоо хөтлөгдөөд, согтуудаа солиороод “Уханиас шинэ коронавирус тээгээд ирлээ” хэмээн дүвчигнэж байгаа зарим нэг “заримдагууд”-ад хариуцлага тооцож, арга хэмжээ авдаг болъё. Улаанбаатарт “Шинэ коронавирусын халдвар гарчээ. Түүнийгээ нууж хааж байна” хэмээн буруу, худал мэдээлэл тараасан иргэнийг 2 сая төгрөгөөр торгож байна. Дээрх “Заримдагууд”-ад хэлээд ухуулаад байхад ойлгохгүй бол одоо яая гэхэв хэтэвчтэй хэдтэй нь хатуухан гэгч хуулийн дагуу тооцоо хийх цаг нь болж.

Булганаас ирсэн дээрх согтуу нөхрийн талаар аймгийн Онцгой комиссынхноос тодруулахад “энэ нөхрийн асуудал цагдаа дээр шалгагдаж байгаа” гэж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)