Р.ЭНХБОЛД: Зориулалтын зөв горимд хадгалах хугацаа шаардагдахгүй амны хаалтыг нөөцөөсөө үйлдвэрийн ажилчиддаа үнэгүй тараалаа
Уул уурхай 17 өдрийн өмнө     46    0

 Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирус өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний  тухай Улсын онцгой комисс болон Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлж байна. Тус үйлдвэрийн Ерөнхий захирал А/74 тоот тушаал гаргаж, үйлдвэрийн ажиллагсад болон ажлын байрны ойр орчмыг урьдчилан сэргийлж, ариутгал халдваргүйтлийг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу мөрдөхийг холбогдох хэлтэс нэгжид үүрэг болголоо. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын дарга Р.Энхболдоос дараах асуултыг тодрууллаа.

 -Хятад улсын Ухань хотоос гаралтай шинэ коронавирус өвчлөлийн тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Гамшгаас хамгаалах штаб ямар арга хэмжээ авч байна вэ?

    -Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь үйлдвэрийн ажиллагсдаа амны хаалтаар хангалаа. Эхний ээлжинд Гамшгаас хамгаалах штабаас Эрдэнэт үйлдвэрийн нөөцөнд байсан амны хаалтыг бүх ажилтнуудад үнэгүй тараасан. Ариутгалын бодис уусмал, санитол зэргийг захиалж авчран, үйлдвэрийн цех нэгжүүдэд өгч байна. Мөн Гамшгаас хамгаалах 2020 оны ажлын төлөвлөгөөндөө тодотгол хийж, зарим үйл ажиллагааг нэмж оруулж байна. Бэлэн байдлыг хангах, тархалт дэгдэх болзошгүй тохиолдолд ажилчдаа хэрхэн хамгаалах талаар төлөвлөлт хийх зэрэг урьдчилан сэргийлэх бүхий л чиглэлд анхаарч ажиллаж байна.

    -Нөөцөнд байсан амны хаалт гэж та түрүүн хэлсэн. Хэдийд нөөцөлж авсан, ямар амны хаалт тараасан бэ? Тодруулж мэдээлнэ үү?

   -Эрдэнэт үйлдвэр гамшгаас хамгаалах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд нэн түрүүн шаардлагатай зүйлсийг чиглэл чиглэлээр нь нөөцөлдөг. Энэ хүрээнд 2009 онд үйлдвэрлэгдсэн амны хаалтны нөөцөөс 7002 ширхэгийг ажилчиддаа тараасан. Одоо нөөцөнд 1000 гаруй ширхэг үлдсэн байгаа. Энэ амны хаалтыг манай Гамшгаас хамгаалах штаб дээр 2009 оноос хойш зориулалтын байранд зөв горим, журмын дагуу хадгалж ирсэн. Хятад улсад үйлдвэрлэсэн, зохих ёсны битүүмжлэлтэй, харанхуй, чийг багатай орчинд хугацаагүй хадгалах, бактер вирусын эсрэг олон дахин ашиглах боломжтой гэсэн заавартай. Мөн хамгаалах чадвар харьцангуй сайтай, өөрөөр хэлбэл 8 давхар хамгаалалттай, идэвхжүүлсэн нүүрс агуулсан амны хаалт байгаа.

    -Гадуур амны хаалтны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, хүрэлцээ хомс байгаа. Одоо нөөцөнд  бага үлдсэн гэлээ.  Өөр газраас захиалах арга хэмжээ авч байгаа юу?

    -Амны хаалт болон ариутгалын бодис авахаар захиалсан ч амны хаалтны олдоц муу байгааг хэлье. Гадуур иргэдийн хэрэглэж буй цэнхэр өнгийн маск бол 2 цагийн хугацаанд л халдвар барих эмнэлгийн зориулалттай, Н95 нь тоос шүүхэд зориулагдсан гээд яг шаардлага хангасан амны хаалт улсын хэмжээнд байхгүй байна. Юутай ч бид урьдчилсан, шуурхай арга хэмжээ авах тухай Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу үйлдвэрийн нөөцөд байсан амны хаалтаар ажиллагсдаа хангасан. Ер нь нөөцөнд байгаа амны хаалтыг сургалт болон байгалийн гамшиг, түймэр зэрэгт ашигладаг. Харин энэ удаа гарцаагүй тохиолдолд урьдчилан сэргийлэх зорилгоор уурхайчиддаа олгоод байна.

Эх сурвалж:erdenettoday.mn

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)