Эргэлтийн ус хангамжийн хэсэгт шинэ насос угсарч эхэллээ
Уул уурхай 17 өдрийн өмнө     43    0

Ус хангамжийн цехийн Эргэлтийн ус хангамжийн хэсэгт шинэ насос угсарч суурилуулах ажил эхэллээ. Энэ ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн баталсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгааг тус хэсгийн дарга Б.Амарсайхан онцлов. Шинэ насосны тоног төхөөрөмж нь Япон улсын Эбара компанид үйлдвэрлэгдсэн, цагт 4000 метр куб ус шахах хүчин чадалтай юм. Уг насос суурилуулагдсанаар хамгийн түрүүнд цахилгаан эрчим хүчний хэмнэлт үзүүлэх эдийн засгийн үр ашиг өгнө.  Өөрөөр  хэлбэл, цагт 200 киловаттаар эрчим хүчний хэрэглээ, зардал буурах ажээ. Мөн орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлийн технологид нутагшуулах боломж бүрдэж байна. Өмнө нь тус хэсэгт ашиглаж байсан ОХУ-ын ЦН-3000 насос цагт 3000 метр куб ус шахдаг бол шинэ насосаар цагт 1000 метр куб ус илүү шахна гэсэн үг юм.

 Мөн Эргэлтийн ус хангамжийн хэсэгт 2500 киловаттын хөдөлгүүртэй хуучин насосыг 1800 киловаттын хөдөлгүүртэй шинэ төхөөрөмжөөр сольж байна. Хөдөлгүүр нь Япон улсын Тошиба фирмийн бүтээгдэхүүн. Тус хэсгийн засварчид хуучин тоног төхөөрөмжийг буулган бэлтгэж, уг ажлыг  өнгөрсөн долоо хоногт эхэлжээ. Шинэ насос, хөдөлгүүрийн  угсралт, суурилуулалтыг 4 дүгээр сарын 20-нд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд залгах үед Японы Эбара компанийн мэргэжилтнүүд ирж, заавар зөвлөмж өгөх юм. Техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй Эбара маркийн насос болон Тошиба хөдөлгүүрийн  угсралт, суурилуулалтын ажлыг Эргэлтийн ус хангамжийн хэсгийн засварчид өөрсдийн хүчээр гүйцэтгэж байна. Харин насосны суурийн хэсэг дээр Барилга засварын цехтэй хамтарч байгаа аж.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)