Эрдэнэсийн тээвэрчид өнгөрсөн онд 800 гаруй сайн санал гаргаж, ажиллажээ
Уул уурхай 17 өдрийн өмнө     35    0

Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олон 2019 онд төлөвлөсөн бүтээмжийн хөтөлбөрөө 92.1 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж, сайн саналын системд нийт 840 гаруй санал гарган, бүртгүүлжээ. Эдгээрийн 658 нь 78.3 хувийн чанарын үзүүлэлттэй хэрэгжсэн байна. Ажилтнуудын сайн саналын дүнг өмнөх гурван жилийн хугацаанд бүртгэгдсэн дундажтай харьцуулж үзэхэд, саналын тоо 76 хувиар өсөж, хэрэгжсэн нь 536-аар нэмэгджээ. Энэхүү амжилтаа 2020 онд ахиулан бүтээмж, инновацийн 1000 санал гаргаж, 900 саналыг бодитой хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна гэж Авто тээврийн цехийн Бүтээмж инновацийн мэргэжилтэн Ж.Пүрэвсүрэн ярилаа.

 Тус цехийн хэмжээнд нийт 39 бүтээмж чанарын дугуйлан ажилладаг. Дугуйлангаар дамжуулан ажиллагсдын бүтээмжийн хөдөлгөөнд оролцох идэвх 80 хувьд хүрчээ. Үүний үр дүнд тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, ажлын бүтээмж болон чанарыг нэмэгдүүлэх, эрсдэл бууруулах чиглэлээр олон ажил хийгдсэн байна. Өнгөрсөн онд Бүтээмж чанарын дугуйлангууд 88 орчим жижиг сайжруулалтын ажил, 70 төсөлт ажил хэрэгжүүлжээ. Эдгээр ажилд 59.6 сая төгрөг зарцуулж, 169.8 сая төгрөгийн үр ашиг авчирсан дүн гарсан байна. Тус цехэд хийгдсэн бүтээмжийн онцлог ажлаас дурьдахад, суурин шатахуун түгээх станцыг суурилуулж, жижиг оврын авто машинууд үйлдвэрийн хэмжээний албан хэрэгцээнд шуурхай дуудлагаар үйлчилдэг болсон. Ингэснээр 87 сая төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ. Мөн уулын цул тээвэрлэлтийн цаг ашиглалтыг оновчтой болгох төсөлт ажил хэрэгжиж, тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Түүнчлэн тус цехийн ажлын байранд “5 сайн үйлс” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, нийт 133 ажлын байрны 2.3 хувь нь 5С, 7.5 хувь нь 4С  сайн үйлсийн түвшинд хүрсэн байна.  

     Авто тээврийн цехийнхэн 2020 онд БелАЗ машины цаг ашиглалтыг сайжруулах, үүнтэй уялдуулан сул зогсолтыг багасгах чиглэлээр төсөлт ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.   

Эх сурвалж:erdenettoday.nm

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)