Э.БИЛГҮҮН: Инженерийн мэргэжил эзэмшиж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна
Уул уурхай 17 өдрийн өмнө     29    0

 Уурхайчдын үлгэр жишээ хүүхдүүдийг онцолж, тэднийг танилцуулах зорилготой энэ булангийн эхний дугаарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны Шилдэг сурагч, ХМТАЦ-ийн  хэмжих хэрэгсэл, автоматикийн засварчин Д.Эрхэмбаярын хүү, Билигт-Өргөө сургуулийн 10а ангийн сурагч Э.Билгүүнийг урилаа. Тэрбээр энэ хичээлийн жилд Улсын физикийн олимпиадаас хүрэл медаль, Математикийн улсын 15-р уралдааны уран бодолтын шагнал, Кенгру олон улсын олимпиадаас нэгдүгээр зэргийн диплом хүрэл медаль, Төвийн бүсийн математикийн нээлттэй олимпиадын аварга, Аймгийн физикийн олимпиадын аварга, математикийн олимпиадын дэд аварга зэрэг олон дээд амжилт гаргажээ. 

 

 -Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны шилдэг сурагч болсон сэтгэгдлээс яриагаа эхэлье?

     -Надад их сайхан санагдсан. Манай улсын нүүр царай болсон энэ том үйлдвэрийн шилдэг сурагч  болж аавынхаа нэрийг гаргасандаа би их баяртай явна. Энэ бол миний амьдралд тохиолдсон баярт үйл явдлын нэг учраас насан туршдаа дурсана.  

     -Математик, физикийн олон олимпиадад  үе тэнгийнхнээ түүчээлэн  бахдам  амжилтын эзэн болжээ. Хэзээнээс математикаар гүнзгий хичээллэсэн бэ?

     -Би багаасаа тоонд сонирхолтой байсан. Тэгээд 6-р ангиасаа Пүүжээ багшийнхаа  давтлагад явж эхэлсэн. Энэ үеэс л тооны төрлийн хичээлийг гүнзгийрүүлэн сурах хүсэл төрсөн. Одоо манай ангийн багш Батбаяр гэж математикийн багш бий. 

     -Анх амжилт гаргасан үеэ дурсаач?

     -Наймдугаар ангидаа аймгийн математикийн олимпиадаас хүрэл медаль авсан. Энэ нь надад их урам өгч, тууштай хичээллэвэл амжилтад хүрэх юм байна гэх итгэл төрүүлсөн. 

     -Математик, физикийн хичээлийн юу нь сонирхлыг тань татдаг вэ? 

     -Бодлого бодох сайхан. Хариу нь тийм ч амар гарчихгүй. Тэр тусмаа сонирхол татаж, “шар” хөдөлгөнө. Ингэсээр олон цаг өнгөрснийг анзаарахгүй. Бодлогын хариу зөв гаргах мөч үнэхээр кайфтай. Пүрэвсүрэн,  Амарбаясгалан багш нар намайг математик, физикийн хичээлд сонирхолтой болоход их нөлөөлсөн.  

     -Өдөрт хэдэн цагаар хичээллэдэг вэ? 

     -Хичээлээс гадна өдөр бүр таван цаг орчим бэлтгэл хийдэг. 

     -Үеийнхэнтэйгээ адил компьютер тоглож, спортоор хичээллэх зав гардаг уу?

     -Найзуудтайгаа хааяа РС тоглодог. Харин ирэх жилээс сагсан бөмбөг, волейболоор хичээллэх бодолтой  байгаа. 

     -Улсын олимпиадаас медаль хүртэж, аймаг сургуулийнхаа нэрийг улсад мандууллаа. Энэ үед ямар сэтгэгдэл төрж байв?

    -Өнгөрсөн оны хавар Улсын физик, математикийн олимпиадад оролцсон. Аймаг, хотын хамгийн  шилдгүүдтэй өрсөлдөхөд жаахан сүрдсэн. Өөртөө тийм ч их итгэлтэй байгаагүй. Дүн гарахад физикийн олимпиадад  гуравдугаар байр эзэлсэн. Намайг эрдэм мэдлэгтэй, сайн хүн болгохын төлөө бүхнээ  зориулсан аав, ээждээ, амжилтад хөтөлсөн ачит багш нартаа, хичээнгүй хөдөлмөрлөсөн өөртөө  маш их баярласан.   

     -Ойрын зорилго...?

     -Олон улсын болон 2021 онд Монголд болох Азийн физикийн олимпиадаас медаль авах зорилготой. Багш нарынхаа удирдлага дор бэлтгэлээ базааж байна. 

     -Аав, ээж нь та нарын боловсрол, хөгжилд  хэрхэн анхаардаг вэ?

    -Миний аав Д.Эрхэмбаяр ГОК-т, ээж Ц.Эрдэнэтуяа “Очир төв” компанид ажилладаг. Миний дүү Э.Содбилэг 14-р сургуулийн 6-р анги. Аав ээж маань дүү бид хоёрын хүсэл  сонирхлыг дэмжиж,  хөгжүүлэхэд сэтгэл санаа, мөнгө төгрөг, цаг заваа үргэлж зориулдаг. Аав намайг хот руу олимпиадад явахад  дагаж явах гэхчилэн байнга анхаардаг. Би аав, ээжийнхээ ачийг хариулж, сайн хүн болно гэж боддог.  

     -Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

     -Хөдөө гарч, өвөө эмээдээ тусална, хонь мал хариулна, хамаатны хүүхдүүдтэйгээ тоглоно. Зун байгалийн сайханд амрах дуртай.  

     -Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?

     -Мэдээлэл зүйн хичээл их сонирхолтой санагддаг. би код бичих дуртай. Цаашдаа Мэдээллийн технологийн инженер мэргэжлээр гадаадад суралцаад, Монголдоо ажиллаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэж боддог. 

     -Үе тэнгийн хүүхдүүддээ хандаж юу хэлэх вэ? 

     -Сонирхсон зүйлээрээ тууштай, шаргуу хичээллээрэй. Ингэвээс амжилт хэзээд ирнэ гэж хэлье. 

     Бидний ярилцлагын дараахан Байгалийн ухааны хичээлийн бүсийн 5-р олимпиад болж, нүдээрээ инээвхийлсэн даруухан Э.Билгүүн хүү маань математик, физик болон  нэгдмэл төрөлд аваргалж, гурван алтан медаль энгэртээ гялалзуулан шилдэг, оюунлаг сурагч болохоо бас дахин нотоллоо. 

Эх сурвалж:erdenettoday.mn

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)