Орхончууд өрсөлдөх чадвараараа улсдаа дахиад л тэргүүллээ
Хотын амьдрал 5 сарын өмнө     460    0

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс 2019 оны аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг гаргажээ. Судалгааны дүнгээс харвал Орхон аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр улсдаа дахиад л тэргүүлсэн байна. Тус төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос хойш найм дахь жилдээ гаргаад байгаа. Энэ хугацаанд Орхончууд бид улсдаа өрсөлдөх чадвараар ямагт тэргүүлсээр ирсэн.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцжээ. Бидний араас Өмнөговь, Дорноговь аймаг удаалсан бол Говь-Алтай, Архангай, Булган аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ улсдаа сүүл мушгисан байх юм.

Монгол улсын 21 аймгийн өрсөлдөх чадвар яагаад чухал байдаг вэ. Орхон аймаг өрсөлдөх чадвараар тэргүүлсэн нь хамгийн түрүүнд манайд сайн засаглал байгааг илтгэх гэнэ. Сайн засаглал байгаа учраас Эрдэнэтэд бизнесийн таатай орчин байдаг. Бизнесийн таатай орчинтой газарт ажлын байр бий болдог. Ажил эрхлэгчдэд тогтвортой орлого үүсч, тэтгэвэрийн ахмадуудад энэ бүхэн эдийн засгийн баталгаа болдог гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Манай аймгийн хувьд дээрх үзүүлэлтүүдээр бусдаасаа өндөр оноо авсан учраас орхончууд олон жил бусад аймаг, орон нутгийг тэргүүлж ирсэн байна.

Албан бус мэдээллээс харвал 2019 онд манай аймагт 2000 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Түүний талаас илүү хувь нь үндсэн ажлын байр байсан зэрэг үзүүлэлт нь бусдыгаа тэргүүлэхэд ихээхэн түлхэц өгсөн байна. Нийтдээ 176 үзүүлэлтийг 100 оноогоор дүгнэхэд манай аймаг 100 оноо авчээ.