Аймгийн онцгой комиссоос иргэддээ хандан уриалга гаргажээ
Мэдээ мэдээлэл 30 өдрийн өмнө     117    0

                                                                                                                                          УРИАЛГА

2020.01.27                                                                                                                                                                                                                                                                              Эрдэнэт хот

 

Шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин Хятад, Япон, Солонгос, Вьетнам, Франц, Канад, АНУ зэрэг улсуудад гарч хурдацтай тархаж байгаа тул халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймаг, Эрдэнэт хотын нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах уриалгыг хүргүүлж байна.

1.Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн байгууллагаас хүргүүлж байгаа зөвлөмж заавруудыг сайтар дагаж мөрдөх 

2.Иргэд дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх

3.Цэцэрлэг, сургуулийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд түр хаасан тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ онцын шаардлагагүй бол олон нийтийн газар, худалдааны төв, гудамж талбайгаар явуулахгүй байх

4.Гэр, орон сууц, ахуйн хүрээндээ хувийн ариун цэвэр сахиж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж хэвших, зайлшгүй тохиолдолд олон нийтийн газраар явахдаа халдвар авахаас сэргийлж амны хаалт хэрэглэх, нус цэрээ хаяхгүй байх

5.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх. /мэргэжлийн байгууллагуудтай хамтрах/

6.Байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан албан хаагчид, үйлчлүүлэгч нарынхаа аюулгүй байдлыг хангаж, хаалга, шатны бариул, лифт, ариун цэврийн өрөөнүүдэд ариутгалын бодис уусгасан материалаар халдваргүйтгэл хийж, тогтмол хугацаанд сольж байх

7.Энэ төрлийн өвчин нь хүн олноор цугларсан газруудад агаар дуслын замаар халдварлаж байгаа тул насанд хүрэгчид орой үдшийн цагаар ресторан, баар, караоке зэрэг нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхээс татгалзах

8.Онцын шаардлагагүй тохиолдолд хот хооронд болон гадаад оронд ялангуяа өвчлөл гарсан орнуудад зорчихгүй байх.

9.Бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настнуудыг гэртээ хараа хяналтгүйгээр орхихгүй байж, гал түймрийн аюулаас сэргийлэх

10.Мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байгаа зөвлөмж, сурталчилгаа, танилцуулга, мэдээ мэдээлэлд анхаарлаа хандуулж, ахуй амьдралдаа хэрэгжүүлэн үр хүүхэд, гэр бүл, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг аж ахуйн нэгж байгууллагууд, нийт иргэд та бүхэндээ уриалж байна.

 

                                                                                                                                            АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)