А.Түвшинжаргал: Нэг ч зах, худалдааны төвийг хаахгүй
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     345    0

Аймгийн Онцгой комиссоос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд бизнес эрхлэгчид, иргэдийн зүгээс “коронавирусын дэгдэлт, тархалт олон улсын төвшинд өндөр байгаа учраас хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орно, нөөцлөх хэрэгтэй” гэсэн мэдээллийг цахим орчинд түгээж буруу мэдээлэл тараах болсон. Үүний улмаас манай аймгийн зарим иргэн “Зах хаах гэнэ, гурил будаагаа нөөцлөх хэрэгтэй” хэмээн ам дамжин шуугих болсон нь иргэдийн хувьд эргэлзээ төрүүлэх болжээ.

Тэгвэл энэ асуудалд албан ёсны хариулт өгөхөөр аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Зарим нэг бизнес эрхлэгчид татан авсан бараа бүтээгдэхүүүнээ борлуулах зорилгоор зах худалдааны төвийг хаах гэнэ хэмээсэн илт худал мэдээлэл тараах болсон. Тийм зүйл болохгүй. Онцгой комиссоос нэг ч зах, худалдааны төвийг хаахгүй. Хаах нөхцөл ч манай аймаг гэлтгүй, Монгол улсад үүсээгүй. Өнөөдөр манай улсад коронавирус илрээгүй. Тиймээс зах, худалдааны төвийг хаах тухай ойлголт байхгүй. Та бид мэднэ дээ, хэдэн жилийн өмнө яалаа. Дэлхий сүйрэх сургаар лаа, чүдэнз ховордож байсан. Их хэмжээгээр бөөндөж авсан хүмүүс л хохирсон. Ийм байдал үүсгэхгүйн тулд бид албан ёсны мэдээлэл өгч байна. Цаашид цахим сүлжээгээр иргэдийг зориудаар төөрөгдүүлэх, айлгах зорилгоор худал мэдээлэл тараасан иргэнийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар тогтоолгож хуулийн хариуцлага хүлээлгэх болсон. Иймд иргэд цахим орчинд гарсан мэдээллийн үнэн зөвийг нягталж, судалсны үндсэн дээр асуудалд хандахыг анхааруулж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)