Ш.ТӨРБАТ: Манай мэргэжилтнүүд цаг үеэ дагаж хөгжих ёстой
Уул уурхай 8 сарын өмнө     169    0

 Мэргэжлийн өндөр ур чадвар, өвөрмөц сэтгэлгээ, ажил амьдралын баялаг туршлагатай нэгэн бол Эрдэнэт үйлдвэрийн Эрчим зүйн хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч, доктор (Ph) Ш.Төрбат юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.

 -Таны хүүхэд насны хүсэл мөрөөдөл юу байв. Дунд сургуульд математикийн хичээлд хэр байсан бэ? Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

   -Бусад хүүхдүүдийн адил жолооч, нисгэгч болохыг мөрөөдөж явсан санагддаг. Манай ээж багш хүн л дээ. Ээж хэлсэн юм уу бүү мэд, багш намайг анх хамгийн урд  талын ширээнд суулгачихсан. Тэгэхээр ямар ч илүү дутуу хөдөлгөөн хийхгүй хичээлдээ анхаарна биз дээ. Ер нь хичээлдээ сайн хүүхэд байсан. Математикийн хичээлд ер нь гайгүй явлаа. Булган аймгийн математикийн олимпиадад хоёрдугаар байр эзэлсэн. Оюутан болоод Политехникийн дээд сургуулийн математикийн олимпиадад дэд байрт шалгарч байлаа. Аав маань малын эмч. Ээж бага ангийн багш. Хөдөөнөөс хүүхдээ эргэж ирсэн эцэг, эхчүүд багштай нь уулзана. Ингэж багшийг маш сайхан хүндэлдэг байж дээ.

   -Ингэхэд та Эрдэнэт үйлдвэртэй яаж яваад хувь заяагаа холбочихов оо?

   -10-р ангид мэргэжил сонгох боллоо. Эхлээд би эдийн засагч болъё гэсэн бодолтой явсан. Бидэнд математикийн хичээлийг ангийн багш заадаг байлаа. Би тоо бодохдоо хайхрамжгүйгээсээ ганц нэг алдана. Үүнийг багш нэлээн эмзэг хүлээж авсан уу,  эдийн засагч болъё гэхэд чи хайхрамжгүйгээсээ алдаа гаргаж өрөнд орно хэрэггүй гэдэг юм. Харин дунд сургуульд сурч байхдаа би Эрдэнэтэд аавтайгаа нэг удаа ирсэн юм. Тэгэхэд Эрдэнэтийн бүтээн байгуулалт ид явагдаж байлаа. Ажил хийж яваа хүмүүсийг нүдээр харлаа.Гадаа оросуудын волейбол тоглохыг үзлээ. Орос гуанзанд нь хоол идлээ. Энэ мөчөөс би Эрдэнэтэд ажиллах бодол төрсөн. Тэгээд Политехникийн дээд сургуулийн Уул уурхайн цахилгаан механикийн ангийг сонгосон. Бид тухайн үеийн Политехникийн дээд сургуулийн цахилгаан механикийн ангийн хоёр дахь төгсөлт. Их сургуулиа 13-уулаа төгссөн. Диплом хамгаалалт дээр Түлш эрчим хүчний яамны сайд П.Очирбат, Геологи уул уурхайн яамны сайд Д.Ренчинханд нар сууж, шалгалт авч байлаа. П.Очирбат гуай:” Манай үндэсний мэргэжилтнүүд төгсөж байна. Та нар хаана ч очиж ажиллаж болно. Бид та бүхнийг юм юмны зах зухаас зааж бэлтгэсэн шүү” хэмээн ярьж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Дээд сургуульд сурах хугацаандаа би Эрдэнэтэд оюутны дадлага хийсэн. Миний их сургуулийн ангийн багш Эрдэнээ гэж нэртэй хүн байлаа. Намайг далд уурхайгаар явуулах сонирхолтой. Сургуулиа төгсөх жил Налайхад  дипломын дадлага хийсэн. Тэгээд л Эрдэнэтэд ирж ажиллаж амьдарсан даа.

   -Таны амьдралын 36 жил Эрдэнэт үйлдвэртэй салшгүй холбоотой явж иржээ. Энэ хугацаанд та Эрдэнэт үйлдвэрт яг юу хийсэн гэж боддог вэ?

   -Анх би Эрдэнэт үйлдвэрийн Цахилгаан цехэд дөрөвдүгээр зэргийн цахилгаан монтёроор ажилд орсон. Бидэнд их сургуульд далд уурхайн, уулын, цахилгааны, механикийн чиглэлийн хичээл ордог байлаа. Сүүлдээ энэ нь чиглэлийн ангиуд болж салсан. Нэлээн хүнд программаар хичээллэж байсан юм билээ. Хожим Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий энергитикийн албыг хашихад сурсан мэдсэн минь их хэрэг болсон санагддаг. Цахилгаан цехэд би реле хамгаалалт, теле механик дээр ажилласан. Цахилгаан цехийн монгол ах нар ОХУ-д сургууль төгссөн, чадварлаг хүмүүс ажиллаж байлаа. Д.Баасандалай, С.Шаравдорж, С.Чинбат, Ч.Содномдорж нарыг дурсмаар байна. Орос мэргэжилтнүүд ч  хүнийг жинхэнэ ажилд сургана. Ажиллах хугацаандаа  ТM-301, ТМ-120, Гранит зэрэг теле механикийн системийг солих, шинэчлэх ажлыг өөрсдийн хүчээр хийж байлаа. Уг хяналтын системийг бид жилийн хугацаанд тавих байсныг найман сарын хугацаанд гүйцэтгэсэн. Өндөр узелийн холбооны хоёр дахь шинэчлэлийг эхлүүлж, Эрдэнэт үйлдвэрийн бүх объектыг хянаж удирддаг системүүдийг тавьсан. Одоо подъемын насосуудыг үйлдвэрийн захиргааны нэгдүгээр байрнаас удирдаж эрчим хүчний бүх объектууд диспетчерын нэгдсэн хяналтад орсон байгаа. Теле механикийн хэсгийн дарга байхдаа ус, дулаан, цахилгааны тоолуур тавих ажлыг эхлүүлсэн. Монголд анх удаа Эрдэнэт үйлдвэр орчин үеийн ус, дулаан, цахилгааны тоолуур тавьсан байх. Тухайн үед цахилгааны нэг хувийн алдагдал сард 150 сая төгрөг байсан. Тоолууржуулах ажлыг шинэ түвшинд гаргаж тавьсан нь их үр ашиг өгсөн. 2008 онд дулааны цахилгаан станцад 5 мВт-ын хоёр турбин генератор суурилуулах ажилд биечлэн оролцсон. Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн цахилгаан хувиргах системүүдийг шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн. Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын 48мВт хүчин чадал бүхий өргөтгөлийн ажлыг зохион байгуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Дээд удирдлагын түвшинд ойлголцолд хүрэх, гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах гээд их нүсэр ажил байсан юм. Бид хамтын хүчээр энэ том бүтээн байгуулалтын ажлыг хийсэн нь Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Монгол Улсын Эрчим хүчний системд  үр ашигтай ажил болсон. Энэ  мэтчилэн олон бүтээн байгуулалтын ажил намайг ажиллах хугацаанд үйлдвэрийн хэмжээнд өрнөсөн байна.

    -Цаашид таны бодлоор Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний бодлогыг хэрхэн авч явах ёстой вэ?

   -Аливаа юм хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Эрчим хүчний болон автоматикийн техникүүд  таван жилийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж байх жишээтэй. Манай мэргэжилтнүүд цаг үеэ дагаж хөгжих ёстой. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын баг шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ чиглэлээр  боловсон хүчнээ сайн бэлтгэх хэрэгтэй. Аливаа техник технологийн горим, ажиллах зарчмуудыг математик загварчлал, компьютер симуляцийн төрөл бүрийн программ хангамж ашиглан боломжит үр ашгийн хувилбаруудыг шинжлэх ухаанчаар боловсруулах нь маш чухал. Дээр нь менежмент сайн байх ёстой.

   -Эрдмийн цол хамгаалсан сэдвийнхээ талаар ярина уу?

   -2019 онд “Тээрмийн их чадлын синхрон хөдөлгүүрийн алгуур унтраах горим” сэдвээр техникийн ухааны докторын (Ph) зэрэг хамгаалсан. Энэхүү эрдмийн ажил нь Эрдэнэт үйлдвэрийн технологийн шаардлагад нийцсэн, өндөр үр ашигтай техникийн шийдэл гаргах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх  боломж бүрдсэн нь чухал ач холбогдолтой юм.

    -Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Та шатрын спортын  мастер цолтой. Хэзээнээс шатрын спортоор хичээллэсэн бэ? Шатрыг шинжлэх ухаан, спорт, урлагийн цогц нийлбэр гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?

    -Нийлнэ. Намайг дэс дараатай сэтгэж сурахад шатар их нөлөөлсөн. Манай нагацууд шатарчид байлаа. Тэдний тоглохыг харж байгаад шатар сурчихсан юм. Шатар тоглосон маань надад оюуны дасгал болж хичээл сурлагад ч нөлөөлсөн.

   -Яаж..?

   -Сэтгэж сургасан. Тэвчээр суулгасан. Үүнийг би шатартай холбож ойлгодог. Эрдэнэтийн шатрын холбооны тэргүүнээр би нэлээн хэдэн жил ажиллалаа. Холбооныхоо үйл ажиллагаа бодлогод оролцож явлаа. Олон ч тэмцээнд оролцож медаль авсан. Энэ рейтинг үзүүлэлтээрээ шатрын спортын мастер болсон доо. Шатраар нэг хэсэг амьсгалж явсан шүү. Шатар тоглодог хүүхдүүд ядаж амьдралаа зөв аваад явчихдаг. Үүнийг би амьдрал дээр харлаа. Том мэргэжилтнүүд, банкны захирлууд болчихсон явах жишээтэй. Би  Эрдэнэтийн шатарчдын түүхийг мэднэ. Хожигдоод уйлаад явж байсан хүү хожим шатрын том мастер болчихсон явахыг ч үзлээ. Шатар тоглодог хүүхдүүд өөрсдөө хичээлдээ хичээдэг эсэх нь бүү мэд ямар ч гэсэн онц сураад явах юм билээ. Харин мэргэжлийн дээд түвшинд хүрэх явдал өөр асуудал, хувь хүн амьдралаа золиослох шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй.

    -Төгсгөлд нь залууст хандаж  хэлэх таны үгийг сонсъё ?

   -Амьдралд томьёо байхгүй гэж залуу насандаа бодож явлаа. Нас ахиад ирэхээр амьдрал томьёотой юм байна. Бүх шашинд сайн сайхан сургаал, номлол бий.10 хар нүгэл, 10 цагаан буян гэдэг чинь л суртал томьёо бололтой. Буддаг шашин талаас бус философийн утгаас нь судалсныг үзэхээр... Хүний үгийг авах эсэх нь хувь хүний хэрэг. Номын номоос хүний ном дээр гэж өвгөд ярьдаг. Тэгэхээр залууст хандаж, амьдралын жудагтай,хүний номоор явах хэрэгтэй. Ёс зүйтэй байх чинь хүний номоор явж байна гэсэн үг. Бүх юм цаг хугацаатай, хэмжээтэй.

   -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:erdenettoday.mn