Буузны хачир нь “Зээл тэглэлт”, даруулга нь 25-30 мянган төгрөгийн тэтгэвэрийн нэмэгдэл
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     229    1

Монгол улсын Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар ахмадуудын тэтгэвэрийг 25-30 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ. Ингэхдээ 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх юм байна.  Улсын хэмжээнд нийт  421.7 мянган иргэний тэтгэвэр авдаг. Тэдний тэтгэвэр ийнхүү дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болох аж.

Мөн Засгийн газраас  нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 мянга 100 төгрөг болгосон.  Харин бусад асаргааны тэтгэмжийг сард 84 мянга 500 төгрөг болгон шинэчлэн тогтоосон. Ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэвэрийн нэмэгдлийг  ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөх юм.

Шинэ оны босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгч ахмадуудын тэтгэвэрийн зээлийг нэг удаа тэглэх болсон тухай мэдээг түмэнд түгээсэн. Энэ мэдээ ахмадуудын магнайг тэнийлгэсэн ч бас урмыг нь хугалсан. Тэтгэвэрийн зээлтэй иргэдийн 6 сая төгрөгийг тэглэхээр эрх баригчид шийдвэрлэлээ. Харин тэтгэвэрийн зээл авчихвал амьдрал зогсчих гээд, гал алдах дээрээ тулсан ахмадуудад 2021 оны тавдугаар сарын 20-нд Асгатын мөнгөний ордны 1 сая төгрөгийн Ваучир олгохоор цонхны цаанаас чихэр долоолгосон нь Монголын төр үнэн хэрэг дээрээ ахмадуудаа алагчилсан, ялгаварлан гадуурхсаны бодит төрх болсон юм. Ямар ч байсан Засгийн газар цагаан сарын өмнө ахмадуудын тэтгэврийг 25-30 мянган төгрөгөөр нэмж байгаа нь тэдний сэтгэлийг бага ч гэсэн гийгүүллээ. Барж идэхээр мэрж ид гэдэгчлэн тэтгэвэр, тэтгэмж бага багаар ч нэмэгдэж байгаа нь ахмадуудад өнөөдөртөө хамгийн чухал нь. Харин өнөө жилийн цагаан сар, сар шинийн баярын  буузны хачир нь тэтгэвэрийн зээл тэглэлт байх бол даруулга нь тэтгэвэрийн нэмэгдэл болох 25-30 мянган төгрөгний тухай халуун яриа  байх нь.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)