Хувийн таксичид 21000, гар дээрээс худалдаа эрхлэгч 4200 төгрөгийн татвар төлнө
Нийгэм, Улс төр 5 сарын өмнө     936    2

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль” шинэчлэн батлагдсантай холбогдуулан  аймгийн хэмжээнд "Албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" асуудлыг хэлэлцсэн юм. 

УИХ-аас баталсан, энэ оны нэгдүгээр сарны 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 21.4.1-т “Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээнд” хэмээн заасан. Тэгвэл аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний албан татварын доод хэмжээ нь Орхон аймагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь буюу 4200 төгрөгийн татварыг сар бүр төлөх гэнэ. .

Мөн хуулийн 21.4.2-т “хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд” гэж хуульчилсан. Тэгвэл хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, хот хоорондод ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэд аймгийн ИТХ-аас баталснаар 21000 төгрөгийн татварыг сар бүр төлөхөөр аймгийн ИТХ-аас баталжээ.