Дэлхийн энтэй хүн Шагдарын Отгонбилэг
Уул уурхай 8 сарын өмнө     194    0

 

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал, бахархам хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой нэгэн бол Шагдарын Отгонбилэг билээ. Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол захирлаар томилогдон ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны улс орон,Эрдэнэт үйлдвэрт оруулсан хувь нэмрийг хойч үеийнхэн мартах учиргүй. Тиймээс ч түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эл өдөр алдар гавьяа, үйл хэргийг  дурсан санах учиртай.

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэг агсны нэрэмжит Технологийн сургуулиас түүний төрсөн өдөр буюу жил бүрийн 2 дугаар сарын 1-нийг угтан “Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийг хэн сайн мэдэх вэ” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Монгол улсын хөдөлмөрийн баатар, техникийн шинжлэх ухааны доктор Ш.Отгонбилэгийн намтар, үйл хэргийг судлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлж, сурталчлах, тус сургуулийн үүсэл хөгжилд оруулсан хувь нэмрийг нь тодорхойлж, бахархал болгох зорилготой уг уралдааны шилдэг бүтээлийн дээжээс уншигчдадаа хүргэж байна.  

Дэлхийн энтэй хүн Шагдарын Отгонбилэг

 

    Хүний үр сад сайн явахад нутгийн уул толгод нь баярлан өндөлздөг юм гэсэн. Тэгээд л хүний нутаг ус “Төрүүлсэн хүүгээ ” байнга харж нэхэн санадаг байх. Завхан аймгийн Дөрвөлжин  сумын нутагт хоёр буурлын уул гэж хосгүй сайхан хангай бий. “Хойд буурал”-ын ууланд  тэмээний бөх шиг хоёр шовх, элгэн хүрэн байц хадан уулын онь хөтөл дээр туг дарцаг, хадаг яндар намирсан бэсрэг цагаан овоо байдаг. Нутгийнхан Буурлын цагаан овоо гэхээсээ илүү “Сартуулын цагаан овоо” гэнэ. 

Энэ л сайхан хайрхнууд нь 1952 оны луу жил нэгэн хүүг өлгийдөн авсан нь тэр нутагт тэнгэрийн хүү мэндэлсэн гэлтэй. Түүний  эцэг нь ардын хувьсгалын анхны партизануудын нэг Хатанбаатар Магсаржавын цэрэг, хожим намын үүрийн анхны дарга, сумандаа удирдах ажил хийж  явсан Гэцэгжавын Шагдар  хэмээх нутаг олондоо хүндтэй нэгэн байлаа. Түүний хань Сайнхувьтын Самбуу гэж малчин удмын  саальчин бүсгүй байв. Тэд хүний орчлонд хувь заяагаа холбосоор  зургаан охин,  хоёр хүү төрүүлж өсгөсний отгон хүү нь энэхүү эсээний баатар Отгонбилэг билээ. Тэр багадаа   өнчрөл хагацал, амьдралын хатууг үзсэн ч, Дөрвөлжин сумын бага сургуулийг онц дүнтэй төгсөн, аавтайгаа   хотын зүг хүлгийн жолоо залжээ. Улсын нийслэлд ирээд төмөр замын  “Хонхор”  өртөөнд суурьшин хэдэн жилийн нүүр үзээд, удалгүй хотын төвд байршин 21-р сургуульд орж, сурлага урлаг спортоор олон аавын хүүгээс онцгойрон, арван жилийн сургуулиа 1970 онд алтан медальтай төгссөн байна. Тэр жилээ  Ангар мөрний зүг,  Эрхүү хотод суралцахаар аяны дөрөө жийв. Авхаалжтай хүү Отгонбилэг аугаа оросын ард түмний амьдрал ахуйг судална, англи  орос хэлийг  ахисан түвшинд сурна, уул уурхайн инженер, улс төрийн эдийн засаг, түүх нийгэм гээд түүний суралцсан эрдэм хязгааргүй байлаа. Сурахын зэрэгцээ  гар бөмбөг, хөл бөмбөг,  хөнгөн атлетикт хүч үзнэ. Аз туршсан тэмцээнд аваргын төлөө өрсөлдөнө.Бидний хэдэн нөхөд ажлын шугамаар  Эрхүүгийн техникийн их сургуультай танилцахаар очиход сургуулийн уул уурхай-маркшейдерийн тэнхимийн хаалган дээр Ш.Отгонбилэгт зориулсан дурсгалын самбар байрлуулсан  нь бидэнд их дотно санагдсан. Тэр үед  агуу удирдагчаар бахархах сэтгэл төрж байв. Баатрын  маань идэр залуу насны амьдрал, хайр дурлал нь Эрхүүгийн тэнгэр дор өрнөжээ. Энд л  эхнэр Туяатайгаа анх танилцаж, энд л эрдэмтэн болох гараагаа тавьсан аж. 1976 онд   оюутан насаа онц дүнтэй үдэж, уул уурхайн инженер- маркшейдерийн улаан диплом өвөртлөн, уул уурхайн яамны удирдлагын мэдэлд очлоо. Уул уурхайн сайд П.Очирбат халуун дотно хүлээн авч, урмын үгээр мялааж   яамны  мэргэжилтнээр  томилжээ. 

1978 онд Эрхүүгийн Анагаахын дээд сургуулийг эмзүйч мэргэжлээр дүүргэсэн Дорноговь аймгийн  харьяат Данзандаржаагийн Туяа бүсгүйтэй  амьдралаа холбон тов хийсэн хурим хийв. Эрдмийн мөр хөөсөн энэ  айлын  гишүүн  бүр  ном дагах хувь заяатай хүмүүс гэлтэй. Хүү О.Содбилэг, охин О.Одмаа нар  аав, ээжийнхээ адил номын мөр хөөсөн эрдэмтэй хүмүүс болон өсцгөөсөн. 

Угийн  авхаалжтай Отгонбилэг ажил мэргэжилдээ гаршиж,  яамандаа газар, хэлтсийн дарга хийж аспирантурт суралцан, “Эрдэнэтийн орд газрын хүдрийн чанар, агуулгыг дундчилах нь” сэдвээр эрдмийн цол,  докторын зэргийг хамгаалж, Москвагийн Уул Уурхайн Их сургуулийн эрдмийн зөвлөлийнхний талархлыг хүлээлээ.  Судалгааны үр дүн нь уулын ажлын хүндхэн асуудлыг шийдвэрлэж чадсанаараа уул уурхайн шинжлэх ухаанд маш том асуудлыг шийдвэрлэх дөт замыг нээж өгсөн гэж манай эрдэмтэд үнэлдэг. 

    1989 онд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдоход улс орны эдийн засаг зах зээлд  шилжин хямралд орсон  үе байлаа. Ихэнх үйлдвэрүүд хаалгаа барьсан ийм хүнд үед үйлдвэрийг чадварлаг удирдан зохион байгуулж, хямралыг давж, үйлдвэрлэлийн шинэчлэл хийж, хүдэр олборлолтыг нэмэгдүүлж,  туслах хэсгүүдийг  зохих хэмжээгээр өргөтгөсөн байна. Түүний найзууд нь монголын нэрийг  дэлхийд Эрдэнэт, Отгонбилэг хоёр гаргасан. Энэ хоёроор дэлхий дахин монголыг таньж байгаа гэж ярьдаг нь үнэний хувьтай.  Ш.Отгонбилэгийн гавьяаг төр засаг  үнэлж, 1996 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгон, Сүхбаатарын одон,  “Алтан соёмбо” тэмдгээр энгэрийг нь мялаахад баатар маань ачлалт аав ээж хоёроо дурсан санаж, алтан нутгийнхаа  уул усыг санагалзан , уул уурхайн мэргэжилтэй болж, газар шорооныхоо өгөөжийг хүн арддаа   түгээж байгаагийн хаялга гэж жигтэйхэн  баярласан гэдэг. 

    Эрдэнэтийг боловсон хүчнээр хангах ажил 1976-1986 онд түүний гараар дамжин хэрэгжиж байсан. Ш.Отгонбилэг 1996 оны 11-р сарын 15-нд Технологийн сургуулийг нээж хэлсэн үгэндээ: “Цаашид энэ сургууль сургалт үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ, судалгаа, төслийн ажилтай хослуулсан цогцолбор байх ёстой” хэмээн дурдсаныг онцлон өнөөдөр  сургуулийн хамт олон “Сургалт-Эрдэм шинжилгээ -Үйлдвэрлэл”-ийн таатай орчинг бүрдүүлэх замаар оюуны үйлдвэрлэлээ явуулж  байна. Энэхүү сургуулийг 2001 онд  “Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль” болгосон. 2002 онд тус сургуулийг үндэслэгч их хүмүүнд зориулан хүрэл хөшөөг нь үүдэн хойморт нь сүндэрлүүлсэн билээ. 

Идэр залуугаасаа эх орныхоо уул уурхайн салбарт зүтгэж,  Эрдэнэт үйлдвэрийг дэлхийн дайтай үйлдвэр болгон удирдан зохион байгуулсан,  улс орныхоо төрийг түшилцэж явсан энэ эрхэм хүн 2001 онд  зуд турханд ядарсан малчин ардад туслахаар ажил үүргээ  гүйцэтгэж яваад Увс аймгийн Малчин сумын нутагт харамсалтайгаар осолдсон. Газрын дээр төрж, тэнгэрийн дор амьдарч байсан тэнгэрлэг сайхан эрхэм хүмүүн тэнгэртээ хальж,  нутгийн сайхан хайрхнууд нь гудайн барааж, түмэн олон эмгэнэн гашууджээ.

    Тийм ээ тэр ард түмнээ  эрүүл энх, энх тунх, элбэг хангалуун сайхан амьдралтай байлгах  хүсэл тээсээр хорвоогоос одсон юм. Шилдэг мэргэжилтэн, шаргуу хөдөлмөрч, гарамгай удирдагч, гавшгай бизнесмен, түмэнд нэртэй түүхэнд мөртэй таны  үйл хэрэг үеийн үед дуурсагдах нь гарцаагүй.