Өглөөний сэргээш: Баяраагийн МӨНХЦЭЦЭГ
Уул уурхай 24 өдрийн өмнө     57    0

Төгссөн сургууль:

1993 онд ОХУ-ын Вольск хотын Багшийн сургууль, 2002 онд Төрийн захиргаа, удирдлага хөгжлийн төв, 2016 онд ОХУ-ын Москва хотын Архив, албан хэрэг хөтлөлтийн Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн

Мэргэжил:

Багш, Арга зүйч, Удирдлагын арга зүйч, Зохион байгуулагч, Албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан

Ажилласан туршлага:

1993-2003 онд Эрдэнэт үйлдвэрийн Орос цэцэрлэгт багш, арга зүйч, 2003-2013 онд Захиргаа, аж ахуйн цехэд хүний нөөцийн менежер, 2013-2019 онд Тамгын хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн хэлтэст албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт хариуцсан мэргэжилтэн, 2019 оны 7 дугаар сараас Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны дарга

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

1989 онд ОХУ-ын Иркутскийн их сургууль хэлний бэлтгэл курс, 2002 онд Монголын математикийн багш нарын академийн “Оюун хөгжил + IQ” хичээл заах эрх олгох сургалт, УБИС-ийн Боловсрол судлалын сургууль багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, 2004 онд Биеийн тамир, спортын улсын хорооны “Эрүүл мэнд, соёл, спорт биеийн тамирын арга зүйчээр ажиллах эрх олгох” сургалт, 2011 онд Орхон-Булган аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын “Хүний нөөцийн удирдлагын DISC загварын ур чадвар олгох сургалт”, 2012 онд Япон Улсын Бүтээмжийн төвийн сургалт, 2013 онд Герман Улсын GFS сургуулийн “Хүний нөөцийн үнэлгээ” сэдэвт сургалт, 2014 онд МҮХАҮТ-ын “Оффис менежмент” сэдэвт түргэвчилсэн сургалт, 2015 онд Архивын ерөнхий газарт “Архив, бичиг хэргийн ажилтан” мэргэжил эзэмших сургалт, 2016 онд ОХУ-ын Москва хотын Архив, албан хэрэг хөтлөлтийн Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд мэргэжлийн давтан бэлтгэх сургалт, 2017 онд Турк Улсад “Хүний нөөцийн менежмент”-ийн сургалтыг тус тус дүүргэсэн.

Чин хүсэл:

Аливаа байгууллагаас боловсруулан гаргаж буй баримт бичиг нь хэдий чинээ үнэн зөв, хуульд нийцсэн, шинжлэх ухааны үндэстэй байна төдий чинээ архивын сан хөмрөг баримтаар нөхөн баяждаг. Тэрээр архивын баримтууд тодорхой хугацааны дараа түүхийн эх сурвалж болдог учраас энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхийг бүтээлцэж, хойч үедээ өвлүүлэх үүргийг чин шударгаар гүйцэтгэн, өөрийн мэдлэг чадварыг ажилдаа зориулах чин хүсэл тээж яваа чадварлаг бүсгүйчүүдийн төлөөлөл.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон дадал бий юу?

-Өглөө бүр 06 цаг 30 минутад сэрж, шүршүүрт орж, кофегоо уугаад ажилдаа явдаг.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Хүн бүр амьдралын сэргээшийг өөр өөр зүйлээс авдаг байх. Би гэр бүл, найз нөхөд, хамт олон, дуу хөгжим, үзэсгэлэнт байгалийг онцлон хэлмээр байна.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах ажлыг үйлдвэрийн газрын хэмжээнд зохион байгуулж, хяналт тавин, энэ чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх, бодлогын баримт бичиг боловсруулах ажил, үүргийг гүйцэтгэдэг. Баримт бичиг боловсруулахаас эхлээд архивт шилжүүлэх хүртэл бүрдүүлэлтийн бүх шатанд тавигдах стандарт, зааврын шаардлагыг хангуулахад анхаарал хандуулдаг.

-Яг одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Үйлдвэрийн газрын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын хүрээнд “Цахимаар албан хэрэг хөтлөх” ажлыг эхлүүлэн, журам, заавар боловсруулах, программ хангамжийг нэвтрүүлэх, сайжруулах, хөгжүүлэх зэргээр цаашид цаасгүй технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд хэрхэн анхаардаг вэ?

-Цаг зав багатай ч илүү их унших, байнга суралцахыг хичээдэг. Мэдээж хүн бүр төгс биш шүү дээ. Би ажил, амьдрал дээр ахмад үеийнхнээсээ болон өнөөгийн үлгэр жишээ хүмүүсээс суралцаж, ямагт өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?

-Өдөр бүр 30 минут бясалгал хийж, долоо хоногт 1-2 удаа идэвхтэй хөдөлгөөн хийхийг зорьж байна.

-Та ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?

-Маш өөдрөгөөр.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Би Эрдэнэт үйлдвэрт 27 дахь жилдээ ажиллаж байна. Манай үйлдвэрт цаг баримтлах, ажил хөдөлмөрийг сэтгэлээсээ хийх, эмх цэгцийг эрхэмлэх, ахмад настнаа хүндлэх, үйлдвэрээрээ бахархах өөрийн гэсэн өвөрмөц соёл бий. Миний гэр бүлийн суурь хүмүүжил Эрдэнэт үйлдвэрийн хамт олны соёлтой нийцдэг учраас өнөөдрийг хүртэл миний харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшил өөрчлөгдөөгүй. Цаашид ч өөрчлөгдөх боломжгүй юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)