Х.БАДАМСҮРЭН: Манай уурхайчид олон сайхан дээд амжилтыг 2019 онд бүтээж чадлаа
Уул уурхай 24 өдрийн өмнө     58    0

 Жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийг Монголын уул уурхайн салбар буюу Уурхайчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Эх орныхоо эдийн засгийн хөгжил, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрдэнэтийн уурхайчид ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар энэхүү тэмдэглэлт өдрөө угтаж байна. Уурхайчдын баярын өдрийг тохиолдуулан 2019 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөгөө биелүүлж, олон ололт дэвшилтэй ажилласныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэмдэглэж, нийт уурхайчин хамт олондоо баяр хүргэв.

Тэрээр “Манай хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ бүх төрлөөр 100-аас дээш хувиар биелүүлсэн сайхан амжилтаар Уурхайчдын баярын өдөртэй золгож байна. Сүүлийн жилүүдэд байгаагүй нэгэн онцлог зүйлийг энд тодруулж хэлмээр байна. Энэ юу гэвэл, 2020 оны үйлдвэрийнхээ зорилтот түвшин, төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын энэ оны 12 сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлууллаа. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төлөвлөгөөт зорилтоо өмнөх ондоо багтаан цэгцэлж эхлэх боломж бүрдсэн. Өнгөрч буй 2019 онд манай үйлдвэрийнхэн олон сайхан дээд амжилтыг хөдөлмөрийнхөө үр шимээр тогтоолоо. Түүхэндээ хамгийн их буюу 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулах боломжтой болж чадлаа. Түүнчлэн бидний бүтээж буй баялаг буюу улс орон нутгийн төсөвт оруулдаг орлогыг  900 гаруй тэрбумд хүргэж чадлаа. Энэ бол бас үйлдвэрийн түүхэнд байгаагүй дээд амжилт боллоо. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй ажилтан бүр 140 сая орчим төгрөгийн үндэсний баялаг бүтээж байна гэсэн үг. Ийм бахархам амжилтын эзэд болсон нийт уурхайчид, хамт олондоо Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Нийт уурхайчиддаа, тэдний гэр бүлд ажлын өндөр амжилт, амьдралын аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн мэндчиллээ.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)