Ц.Бат-Энх: Нэр дэвшинэ, гэхдээ...
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     385    15

“Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-аас эрдэнэтчүүдэд зориулан хэрэгцээтэй хүнд нь 20 мянган ширхэг нүдний дусаалга тараах талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Бид энэ үеэр”Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын тэргүүн Ц.Бат-Энхтэй уулзаж зарим асуултад хариулт авсан юм.

-Танай ТББ-аас санаачлан олон ажил зохион байгууллаа. Иргэдэд ч хүрч байна.  Энэ ажлын цаад зорилго нь улс төр гэж хардаж байгаа. “Бат-Энх нэр дэвших гээд л гүйж байна” гэж харах нэгэн ч суугаа?

-“Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын залуусаас санаачлан Эрдэнэт хот, Орхон аймагт олон ажил хийж хэрэгжүүлсэн. Тэр бүхэндээ хариу харж явсангүй. Яах вэ, ярих нь ярина л биз. Бид анх 2009 онд Эрдэнэтийн Пүрэвсүрэн гэдэг залууг бөөрний мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсон цагаас нь эхлэн аян өрнүүлэн залуусынхаа оролцоотойгоор тусалж дэмжиж ирсэн. Эрдэнэтийн нэг ч гэсэн сайхан залууг эрүүл саруул болоосой гэхдээ энэ ажлыг бид хамтдаа хийж ард нь гарсан. Өнөөдөр ч энэ ажлаа залуусынхаа хамт хийж, хэрэгжүүлээд явж байна. Нэг ч гэсэн иргэнд хэрэгтэй зүйл хийх нь манай залуусын “хобби” ч юм уу даа. Гэхдээ үүнийг улстөржүүлж, нөгөө талаас нь харж байгааг үгүйсгэхгүй. Тэгэж л байг.

-Энэ удаад нүдний дусаалга Эрдэнэт үйлдвэрийн залууст ч бас зориулагдсан. Та бүхэн ч бас “хэрэгцээтэй хүнд нь” зориулах гэж байна. Энэ удаагийн зохион байгуулж буй ажлын онцлог нь гэвэл?

- Би нэгэн цаг хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий удирдлагын багт багтаж Орлогч захирлаар ажиллаж байсан. Үйлдвэрийн залуус маань хуурайшилт, тоосжилт ихтэй орчин нөхцөлд ажилладаг. Тэгээд ч уурхайчин хүний хөдөлмөр үнэхээр хүнд, хэцүү. Манай үйлдвэрийн уурхайчин залуус бидэнд хандсан. Үүний дагуу манай ТББ-ын залуус судалж үзээд үйлдвэрээс бид байнга авдаг. Нэг удаа ч болов тэдэнд юм өгье л дөө гэж ярилцаад энэхүү нүдний дусаалгыг нийлүүлж байгаа. Дээр нь нүдний нулимс гоождог, хуурайшдаг хүмүүст бага ч гэсэн туслах зорилгоор энэ удаад 20 мянган ширхэг нүдний дусаалгыг оруулж ирээд үнэ төлбөргүй тарааж байна.

-Үнэгүй юманд асуудал байдаг. Зарим иргэний хувьд дахиад үнэгүй олж авах гэж эрж хайна. Хэвлэлийнхэн биднээс ч “Өнөөх Бат-Энх хаа байна. Нүдний дусаалгаа дахиад авмаар байна” гээд асууна. Үүнийг зах зээлийн зарчмаар нь оруулж ирээд иргэдэд хүргэх тал дээр нь бодож үзэв үү?

-Үзсэн. Манайд эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудад хандаж үзсэн. Солонгосоос энэ дусаалгыг оруулж ирээд нэг бүрийг нь 15 мянган төгрөгөөр зарахад бизнесийн хувьд ашиггүй гэдэг хариу өгч байсан. Гэхдээ манай бизнесийн байгууллагынхан иргэдийн хувьд нүдний дусаалга үнэхээр хэрэгтэй юм байна гэж харж байгаа болов уу. Энэ удаад бид бараг 400 шахам сая төгрөгийн хандив, тусламжаар энэ ажлыг хийж байгаа. Боломж байвал Эрдэнэтийнхээ иргэн бүрт өгмөөр л байна. Даанч санхүү, мөнгөний талаас нь хүнд. Гэхдээ л манай залуус боломжийнхоо хэрээр энэ ажлыг хийж байна.

-2020 он сонгуулийн жил. Энэ сонгуулиар Эрдэнэт хотод нэр дэвших үү. Яагаад үүнийг асуув гэхлээр зарим иргэн, улс төрч, сөрөг хүчний намын улстарчдийн хувьд “Бат-Энх Эрдэнэтэд нэр дэвших гээд л энэ бүхнийг хийж байна” гэдэг л дээ?

-Ирэх жил УИХ-ын сонгууль болно. МАН-ын удирдлага надад итгэл хүлээлгэн “Орхон аймагт нэр дэвш” гэдэг үүрэг өгвөл би нэр дэвшинэ.  Гэхдээ “Энх Эрдэнэтийн хөгжил”ТББ-ын залуус миний бие Эрдэнэтэд хийж хэрэгжүүлсэн ажлаа хариу нэхэж хийгээгүй гэдгийг хэлье. Цаашдаа ч хийх болно. Манай нам намайг нэр дэвшүүлээд явах бол Эрдэнэтийн төлөө, эрдэнэтчүүдийн төлөө та бүхэнтэй хамтраад ажиллана, хийнэ л гэж бодож байна.   

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (15)