Гэрлэн дохио эвдрэх нь Захирагчийн албаныханд огт хамаагүй гэнэ
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     327    3

Эрдэнэт хотын төв гудамж, Сүмийн уулзварын гэрлэн дохио энэ сарын эхээр ажиллахгүй болоод 10 гаруй хоносон. Энэхүү гэрлэн дохиог асаах, ажилд оруулах тал дээр дарга нар ямар ч анхаарал тавихгүй удаад байхлаар учрыг нь тодруулахаар Хотын захирагчийн албаныханд хандсан. Мэргэжилтэн н.Отгонцэцэг “Манай байгууллагад ямар ч хамааралгүй асуудал байна. Гэрлэн дохио ажиллахгүй байгаа юм уу. Наад асуудлаа Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас л асуу. Бидэнд хамаагүй” гээд тайлбар, тодруулга өгөхгүй гээд гэдийж байна. 

Хотын захирагчийн албаны даргаасаа эхлээд мэргэжилтэн нь хүртэл өнөөдөр Эрдэнэт хотын иргэдийн, эрдэнэтчүүдийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой баймаар. Тэд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг гэдгээ мартчихжээ, Батлут дарга аа. “Би үхэхээр чи үх” гэдэгчлэн асуудлыг өөрөөсөө зайлуулахын тулд Хот байгуулалт, барилга захиалагчийн алба руу чихэж ажил хийсэн нэр зүүж, шар нар бор хоногийг өнгөрөөж байна, Хотын захирагчийн албаныхан.

Гэрлэн дохио ажиллахгүй байгаагийн   буруутан болоод байгаа Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалайгаас тодруулахад “Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэхлээр болохгүй байна. Түрүүлж дуугарахлаар бид буруутан болчих гээд байна. Гүйцэтгэгч компани, ашиглалт хариуцаж байгаа Эрдэнэт ус хоёроос асууувал дээр” гээд халгаасангүй. Б.Мөнхдалай уг нь аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, өнгөрсөн жилээс ангийн анд болох И.Баасанжавыгаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээс нь жийж байгаад, өөрөө Тэргүүлэгч болчихсон том дарга. Дарга нэрэндээ багтаад ажлаа хийж чадахгүй бол сул төлөөлөгч байсан нь хамаагүй дээр ч юм шиг.

Ингээд сүүлчийн найдлага болох “Эрдэнэт Ус ДТС” компанид гэрлэн дохионы асуудлаар хандсан юм. Харин Д.Бүүвэйбаатар даргатай тус байгууллагынхан биднийг очиход Сүмийн уулзвар дээрх гэрлэн дохиог ажилд оруулахаар хоёр дахь хоног дээрээ ажиллаж байсан юм. Ингээд тус байгууллагын инженер техникийн ажилчид баасан гарагийн 15 цагийн орчим гэрлэн дохиог ажилд оруулсанаар Сүмийн уулзвар “амь орлоо”.

Сүмийн уулзварын гэрлэн дохио ажиллахгүй үед явган зорчигчдын эрх ашиг дэндүү хохирч, жолооч нар албан бусаар энэ орчмыг “Зоригтны уулзвар” хэмээн нэрлэчихсэн. “Дүрэмгүй тулаан”-ы дүрэм үйлчилж байлаа. Аймгийн Тээврийн цагдаагийн газраас энэ талаар тодруулахад “Гэрэл дохиогүй уулзвараар нэвтрэх дүрмээрээ л явна” гэдэг тайлбар өгч байсан. Харин явган зорчигчид тэр дундаа сургуулийн хүүхдүүд өглөө, оройд энэ уулзвараар гарах нь амь дүйсэн, эрсдэлтэй газар байсан.

Манай аймагт төрийн ажил нэг иймэрхүү л явж байна. Асуудал үүсэхлээр хариуцах эзэн, хийж гүйцэтгэх байгууллага гардаггүй. Өөрөөсөө холдуулж бие бие рүүгээ чихдэг, ширээний ард лаглайж суудаг, ганц буудлын цаадах амьдралыг мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүй төрийн албан хаагчдаар Эрдэнэт хот дүүрчээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрлэж, томъёолоод байгаа “Төрийн албанд байгаа Зомби буюу амьд үхдэл”-үүдээр аймгийн ЗДТГ-ын зарим хэлтэс, агентлагууд дүүрсэн байна. Төрийн албаны тухай хууль, Төрийн албанд хийх гэж байгаа УИХ-ын даргын эрс шинэчлэлийг хоёр гараа  өргөн дэмжих цаг иржээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн төрийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдыг ийнхүү тав ангилсан. Үүнд

1-д Зомби буюу амьд үхдэл. Тэд гай ч болдоггүй гавьяа ч байгуулдаггүй

2-д  Хорлон сүйтгэгчид. Эд улс орны хөгжлийг хойш нь чангаагчид

3-д Муу гүйцэтгэгчид. Ажлыг хийдэг. Гэхдээ дутуу, шаардлага хангахгүй хийдэг. Тэдэнд ажил хийх  ямар ч сэтгэл байдаггүй.

4-д Сайн гүйцэтгэгчид. Тэд төрийн албан хаагчдын маш бага хувийг эзэлдэг

5-д Ялагч нар гэж байна. Гэхдээ тэд маш бага байна.         

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (3)