Эргэлтийн усны станцын насос шинэчлэгдэнэ
Уул уурхай 7 сарын өмнө     173    0

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын техник технологийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехийн Эргэлтийн усны насосны станц дахь ЦН-3000-197 маркийн насосыг Япон улсын ЕBARA корпарацийн насосоор солих юм. Баяжуулах үйлдвэр болон Эргэлтийн ус хангамжийн хэсгийн өгөгдөхүүнийг үндэслэн “600х 400 CJNM” насосыг захиалан хийлгэсэн аж.  Саяхан Ус хангамжийн цехийн  Ерөнхий инженер Б.Баянбат, Эргэлтийн ус хангамжийн хэсгийн дарга А.Амарсайхан, цахилгааны механикч Матвеев А.Н нар  Токио хотод томилолтоор ажиллан, насосны туршилтад оролцлоо. Насосыг 24 цагийн турш ажиллуулан даралтын янз бүрийн утганд  түрэлт, цахилгаан эрчим хүчний зарцуулалт, холхивчуудын температур, чичиргээ, дуу чимээний өөрчлөлт зэргийг туршжээ. Мэргэжилтнүүд туршилтын тестийг үндэслэн захиалагчаас тавигдсан бүх үзүүлэлтийг хангасан гэж үзжээ. Түүнчлэн тэд Toshiba Mitsubishi electric industrial systems корпарацид зочлон дээрх насост зориулан үйлдвэрлэсэн  асинхрон хөдөлгүүртэй танилцсан байна.

ОХУ-д үйлдвэрлэсэн 1978 онд суурилагдсан хуучин насос  цагт 3000 м3 ус шахдаг, 2500 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдаг бол, “EBARA”-ийн  насос  цагт 4000 м3 ус шахах хүчин чадалтай, 120 м-ийн түрэлттэй, 1800 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдаг аж. Уг насосыг суурилуулснаар бүтээмж нэмэгдэж, цахилгаан эрчим хүч хэмнэх юм байна. Насос нааш ачигдсан бөгөөд энэ сард багтан Эрдэнэтэд ирэх юм.

Эх сурвалж:erdenettoday.mn