Б.Ганхуяг: Аав минь биднийгээ тэнгэрээс хараад маш их баярлаж, бахархаж байгаа
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     527    6

              “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” палас өнөөдөр олны хөлд дарагдлаа. Тэр дундаа спортод дуртай, хайртай эрдэнэтчүүд, тулааны спортыг шүтэн бишрэгчдийн хувьд сэтгэл догдлуулсан, тамирчдаараа бахархсан өдөр байсан юм.

“Хангарьд” паласт боксын спортын Олон улсын хэмжээний мастер, нэрт тамирчин дасгалжуулагч С.Баттулга агсаны нэрэмжит Насанд хүрэгчдийн боксын Улсын аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа болсон юм.

Нээлтийн ажиллагаанд Монголын боксын холбооны Ерөнхийлөгч “Ажнай” группын тэргүүн Д.Бат-Эрдэнэ, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Баттулга агсаны хүү Ганхуяг, Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн нэрт дасгалжуулагч С.Баттулга агсаны гэр бүлийн хүн н.Цэвэлмаа, төрсөн дүү нар хийгээд Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Энхбатын Бадар-Ууган, Монгол улсын Үндэсний бөхийн аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба нараас гадна  бокс сонирхогчид”Хангарьд” паласт хүрэлцэн ирсэнээр нэгэн түүхийн амьд гэрч болсон билээ. Түүхийн амьд гэрч хэмээсний хувьд Монгол улсын боксын спортын хөгжлийн түүхэнд Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа орон нутагт болж байна. Тэр нь  Орхон аймаг, Эрдэнэт хот болж боксын спортын түүхэнд шинэ хуудас болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэх юм. Тэгээд ч Эрдэнэт хот бол спортын, тулааны спортын сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн, үе үеийн нэрт тамирчдын өлгий гэж хэлж болох нутаг.

Тэмцээний хүндэтгэлийн индэр дээрээс “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ “Өнөөдөр миний ээж, миний дүү нар, эгчийн хувьд болон үр хүүхдүүд, хамт олны минь хувьд бахархалт өдөр юм. Миний аав боксын спортын Олон улсын хэмжээний мастер Баттулга нь Монгол улсад тэр тусмаа Орхон аймагт боксын спорт, тэр дундаа зодооны урлагийг бий болгох, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн. Өнөөдөр аав минь биднийгээ тэнгэрээс хараад маш их баярлаж, бахархаж байгаа  гэж бодож байна. Би нэг зүйлээр бахархдаг. Спортын гэр бүлд өсч хүмүүжсэнээрээ аливаа асуудалд үндэс суурьтай ханддаг. Тэр тусмаа асуудлыг нэг тийш харж, шийдэж зорилго зорилтынхоо төлөө тууштай явахад минь намайг сургасан. Ийм гэр бүлд төрж өссөнөөрөө би маш их бахархдаг. Өнөөдөр Эрдэнэт хотод миний аавын нэрэмжит насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ болон тус холбооны удирдлага, хамт олонд гэр бүлийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна” хэмээсэн юм.  Тэмцээн олимпийн төрөлд багтдаг эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд болж байгаа.

Энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 26 байгууллагын эрэгтэй, эмэгтэй ширэн бээлийтнүүд өрсөлдөж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (6)