Д.Батлут: Нийтийн тээвэрт тулгамдсан асуудал, олон зовлон бий
Хотын амьдрал 19 өдрийн өмнө     30    0

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд  “Авто замын тээврийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг танилцууллаа. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад Зорчигч үйлчилгээний алба байгуулах шаардлагатайг Авто тээврийн төвийн удирдлагын зүгээс  тайлбарласан юм. Харин Тэргүүлэгчид энэ албыг байгуулснаар ямар үр дүнд хүрэхийг асууж, цаашид нийтийн тээврийн үйлчилгээ, стандартад анхаарч аж ахуй нэгжүүдийн хариуцлагыг дээшлүүлэх саналыг гаргалаа. 

Аймгийн “Авто замын тээврийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг 2018 оноос хойш хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Орхон такси” төслийг санаачилжээ.  Үүний дагуу Таксомертай таксиг үйлчилгээнд явуулж байгааг Авто тээврийн  төвөөс мэдээллээ. Нэг километрийг 1000 төгрөгөөр тооцож, дараагийн километрээс 100 метр тутамд 50 төгрөг авдаг байна. Ирэх 2020 онд Авто тээврийн үндэсний төвийн санхүүжилтээр гурван тэрбум төгрөгөөр  Орхон аймагт”Авто вокзал” барихаар болжээ.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар такси үйлчилгээнд явах гэрээгүй, хулгайн тээврийн асуудлыг хөндлөө.  Аймгийн хэмжээнд 500 гаруй жижиг тэрэг такси үйлчилгээнд явахаар гэрээ хийсэн байна. Хулгайн тээврийг зогсоохоор Мэргэжлийн хяналтын газартай хамтран арга хэмжээ авдаг. Бүрэн зогсоож чадахгүй байгааг Авто тээврийн хяналтын улсын байцаагч А.Мөнхчулуун хэллээ.  Нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн хангаж чадахгүй учраас хулгайн тээвэр байгааг орон нутгийн  удирдлагууд тайлбарлалаа. “Нийтийн тээвэрт тулгамдсан асуудал, олон зовлон бий. Гэсэн ч бид  үе шаттайгаар арга хэмжээ авч байна. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулж, нийтийн тээврийн автобуснуудын эргэлт, маршрутыг хянаж байна” гэж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут ярьсан юм.

Хуралдааны үеэр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд ямар санаачлага гарган ажиллаж байгааг Авто тээврийн төвөөс тодрууллаа. Том оврын автобусыг хоёр хаалгатай болгосон ажлыг үргэлжүүлэх саналыг тавьсан юм. Аймгийн “Авто замын тээврийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг танилцуулах хуралдаанд нөхөн олговрын хэмжээ хүрэлцдэггүй асуудлыг хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагаас онцолсон. Тэргүүлэгчид хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээ стандартыг хангахад Авто тээврийн байгууллагаас тодорхой төлөвлөгөө, зорилттой ажиллахыг анхааруулсан юм.

Нийтийн тээвэрт цахим картын систем нэвтрүүлэх “Сим” ХХК-ийн ажил удаашралтай байгаа тул аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ээс анхаарах хэрэгтэйг санууллаа.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)