Ц.Баярбаатар: Эрдэнэтчүүд, Эрдэнэтийн уурхайчид волейболын спортод үнэтэй хувь нэмэр оруулсан
Нийгэм, Улс төр 28 өдрийн өмнө     135    0

Монголын волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатарын сэтгэгдлийг нь сонссон юм. 

-Нэг хэсэг тасалдаад байсан волейболын дээд лигийг энэ онд зохион байгууллаа. Хоёрдугаар тойргийн тэмцээнийг Эрдэнэт хотод зохион байгуулах гэж байна. Бас л их ажил, хөдөлмөр болж байна. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-“Монгол Волейболын холбоо Үндэсний дээд лигийг 1995 оноос хойш 2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулсан бөгөөд сүүлийн зургаан жил тасраад байсан. Дээд лигийн тэмцээнийг энэ жил зохион байгуулах тухай шийдвэрийг  манай холбооны Удирдах зөвлөлийнхөн, Х.Бадамсүрэн захирал бид ярилцаж байгаад гаргасан. Хамгийн гол нь тэмцээнийг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баазад түшиглэн энэ удаагийн тойргийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Нээлтийн ажиллагаа үнэхээр сайхан болж байна. Манай холбооны залуус, шүүгчдийн зөвлөл гээд хүн бүхний гар сэтгэл нийлж ажилласны хүчинд нээлт үнэхээр сайхан боллоо. Сэтгэл хөдөлж байна шүү.

-Эрдэнэт бол залуусын хот. Манай хотын залуус спортод дуртай, хайртай. Монголын волейболын лигт н.Бямбадорж эзэнтэй “Харх” баг гэж байлаа. Амжилттай оролцож  ч байсан түүхтэй. Тэр бүхэн өнөөдөр санаанд орж байна. Өнөөгийн аймаг, орон нутаг болон үйлдвэрийн удирдлагууд ч спортод үнэхээр сэтгэлтэй ханддаг. Энэ жил бид бас л өөрийн гэсэн багтай тэмцээнд оролцож байна?

-Тийм шүү. Үнэхээр Эрдэнэтийн “Харх” гэж мундаг баг байсан. Тэр багийн бүрэлдэхүүнд Эрдэнэтийн уурхайчид байсан. Ер нь уурхайчид хамгийн мундаг хүмүүс гэж боддог. Энэ жилийн лигийн аварга шалгаруулах тэмцээний ачааны хүндийг ч гэсэн нуруун дээрээ үүрч байна. Х.Бадамсүрэн захиралтай  Эрдэнэтийн уурхайчид Монголын волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүс. Холбооны үйл ажиллагааг дэмжин, баг тамирчдыг хөгжүүлэхэд хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, уурхайчид, Эрдэнэтчүүдэд баярласан сэтгэлээ илэрхийлж байна. Эрдэнэтэд ирэхлээр л сэтгэлийн гүнээс баяр хөөр төрж байдаг. Волейболын спортод чин с этгэлээсээ ханддаг эрдэнэтчүүд, Эрдэнэтийн уурхайчид та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Монгол оронд тэртээ 90 гаруй жилийн өмнө 1927 оны орчим тухайн үеийн Орос улсын РАФАК-т суралцан төгсч ирсэн оюутнууд бөмбөгөөр хоорондоо тоглон улмаар анхны тэмцээнийг өөр хоорондоо зохион байгуулсан түүхтэй билээ.  Харин Монголын волейболын холбоо 1957 онд албан ёсоор байгуулагдаж байсан аугаа их түүхийг бүтээсэн тус холбооны дээд лигийн тоглолт ахмад тамирчдадаа холбооны удирдлагын зүгээс дурсгалын зүйл гардуулах, тэмцээнийг шүүн явуулах мэргэжлийн өндөр зэрэглэлтэй шүүгч нар, тамирчдын төлөөлөл тангарагаа өргөж, нээлтийн ёслолын ажиллагаа өндөрлөсөн юм. Энэ удаагийн Үндэсний дээд лигийн тоглолтод  ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр “Алтайн барс”, “Тэнүүн-Огоо”, “Уурхайчин”, “Эрчим”, “Хос бар”, “Хобби эйс”, “Дархан Сеть”, “Инагурэ”, “Булган” багийн тамирчид оролцож байгаа юм.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)