Банзарраднаагийн БУРМАА
Уул уурхай 1 сарын өмнө     71    0

Овог нэр:
Банзарраднаагийн  БУРМАА
 

Төгссөн сургууль:
Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургууль
 

Мэргэжил:
Эх барих эмэгтэйчүүдийн эмч, хэт авиан оношилгооны төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч
 

Ажилласан туршлага:
2000-2003 онд Булган аймгийн Эрүүл мэндийн газарт Өрхийн ахлах эмч, 2005 оноос “Эрдэнэт” сувиллын цогцолборын Тасгийн эрхлэгч -Эмэгтэйчүүдийн эмч
 

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2003-2005 онд ЭМШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтэд эх баригч эмэгтэйчүүдийн резидентур, 2011 онд эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгооны төрөлжсөн нарийн мэргэжлийн курс, 2015-2017 онд АШУҮИС-ийн Сайдер Их сургуулийн Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан.
 

Чин хүсэл:
Баг хамт олноороо гар сэтгэл нийлж, одоогийн тасгаа клиникийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлж, үйлдвэрийнхээ ажилчид, ахмадууд, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэр тогтоолгосон иргэд, цаашлаад Орхон аймгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх, мөн оношилгооны тоног төхөөрөмжүүдээ Ази болон Европын орнуудын эмнэлгүүдтэй холбон, алсын зайн оношилгоог бий болгон үйлчилгээний чанарын дэвшил, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг баталгаажуулахад өөрийн хувь нэмэр, сурсан мэдсэнээ бүрэн зориулах чин эрмэлзэлтэй явдаг. Дөчин жилийн түүх, туршлагатай “Эрдэнэт” сувиллын цогцолбороо ирээдүйд өнөөдрөөс илүү хүрээ, хаяагаа тэлсэн орчин цагийн боловсронгуй технологи бүхий оношилгоо, эмчилгээний төв болоосой гэж хүсдэг. 

Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу ? 

Хүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Иймээс өглөө бүр 4 аяга буцалсан бүлээн ус ууж, өглөөг эхлүүлдэг.  Ус хүний биеэс хорыг гадагшлуулах үйлчилгээтэй. Үүнийг хүн бүр өглөөний дадал болгоосой гэж боддог. 
 

Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач ? 

Сүүлийн үед, охинтойгоо хамт оройн хоолны дараа дасгал хөдөлгөөн хийж байгаа. Хөдөлгөөн нь мөн л эрүүл явахын үндэс. Заримдаа амралтын өдрүүдээр өглөө гүйдэг. Энэ дасгал хөдөлгөөнөө  тогтмол хийж хэвшүүлэхээр зорьж байна. Мөн техник технологийн эрин үед оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг байнга судалж суралцах, мэргэжил нэгт эмч нартайгаа туршлага солилцох зэргээр онлайнаар суралцдаг болоод байгаа. Онлайнаар суралцах өргөн боломж бидний өмнө нээгдэж буйг цаг ямагт ашиглахыг хичээж байна.
 

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ? 

Төрсөн нутгийнхаа уул уснаас,  гэр бүлээсээ эрч хүчийг авдаг. Мөн ажлын хамт  олон, найз нөхөд гээд миний хамгийн ойр бүхэн надад урам, хүч өгдөг.  Хаа ч явсан ажлын амжилт, ололт дэвшилт нь нутгийн уул ус, гэр бүл, ажлын хамт олонтой салшгүй холбоотой.  Багаараа ажиллаж, хөгжил дэвшилд хүрэх зүг чиг болж, бие биедээ сэтгэлийн илч түгээж байдаг хамт олон минь нэг том бахархал юм. 
 

Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ ? 

Эмч хүн гэдэг үйлчлүүлэгчийнхээ зөвхөн өвчнийг эмчлэх биш ,  сэтгэлийг нь  хамт сонсох, ойлгох,  харилцах, эмчлэх нь өвчний  эдгэрэлт, цаашдын тавиланд нь ч их нөлөө үзүүлдэг. Тэр тусмаа миний ажил уурхайчин эмэгтэйчүүдийн эмч гэдгээрээ онцлог юм болов уу. Уурхайд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, хүнд хүчир хөдөлмөр эрхэлж яваа уурхайчин бүсгүйчүүддээ эмэгтэй хүнийх нь хувьд хамгийн ойрын, дотнын зөвлөгч нь байж, жаргал зовлонг нь хуваалцаж байх нь нэг талаас миний ажлын үүрэг, нөгөө талаас хүсэл бодол минь юм даа. 
 

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ ? 

Завтай үедээ  хөдөө ээж дээрээ очих,  ажилд нь туслах, ярилцах  дуртай.  Хол боловч би тэнд л байж байна. 
 

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ? 

- Бүх зүйлсээс суралц, их унш 

- Сайн бод /тооцоол/, төлөвлө, зөв сайн хий  /зохион байгуул/  гэж  аавынхаа захисан энэ л  хоёр зөвлөгөөг  амьдралдаа мөрдлөг болгож  ажилладаг.  Энэ нь миний бараг ажлын үндсэн арга барил болсон.
 

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ ? 

Технологийн сургуулийн доктор, дэд профессор Д.Болор – Эрдэнэ багшийн ажлын арга барилтай танилцах хүсэлтэй байна. Оюунлаг, чадварлаг эмэгтэйчүүдийн үзэл бодол, хэв маяг, туршлагаас суралцахыг үргэлж эрхэмлэж явдаг. 
 

Баярлалаа

Эх сурвалж:erdenettoday.mn 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)