Геологчдын гавьяаг “Алдрын багана”-д мөнхлөв
Мэдээ мэдээлэл 19 өдрийн өмнө     254    1

 Монгол улсад геологийн салбар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойг энэ өдрүүдэд улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна. Ойн хүрээнд Б.Ганхуяг даргатай Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Нутгийн зөвлөлийнхөн Урт цагааны гудамж дахь “Алдрын багана”-д Эрдэнэт хотыг үүсгэн байгуулах, Эрдэнэтийн их уурхайг нээн илрүүлсэн түүхэн гавьяат үйлсийн анхдагчийн анхдагч гэж болох геологчдын алдрын мөнхлөн дархлав.

Геологчдын энэхүү “Алдрын багана”-ыг Монгол улсын төрийн шагналт, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, нэрт геологич, 1969-1971 онд Эрдэнэтийн овооны геологи, хайгуулын ангийн даргаар ажиллаж байсан Г.Сандуйжавын нэрэмжит болгон Орхон аймаг, Эрдэнэт хотын мянга мянган иргэний өмнө гавьяаг нь ийнхүү мөнхөллөө.

Энэ арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Батлут, түүний орлогч С.Батжаргал, Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Ганхуяг, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Сандуйжав болон Эрдэнэт хотын иргэдийн төлөөлөл оролцлоо.

Ж.Сандуйжав. Тууврын зам байсан хөндий ийм сайхан хот болсон

Геологчдод зориулсан “Алдрын багана”-ын нээлтийн үеэр гавьяат уурхайчин Ж.Сандуйжав “Оюутны ширээний араас гараад гартаа алх бариад Эрдэнэтийн овоонд ирж ажиллаж байсан тэр үе маань санаанд тодхон байна. Би 1969-1971 онд Эрдэнэтийн овооны геологи хайгуулын ангийн даргаар ажиллаж байсан. Анх Монголын геологичид Чехийн мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран Эрдэнэтийн овооны геологи, хайгуулын ажлыг хийж анхны алх цохиж байсан түүхтэй. Тухайн түүхэн цаг үеийн нөхцөл байдал, улс төрийн шалтгааны улмаас болоод Чехийн тал цаашид ажиллах боломжгүй гээд нутаг буцсан. Ингээд Монголын геологичид Чех нөхдийнхөө үлдээсэн багаж хэрэгслийг нуруундаа үүрээд ажилласан. Тухайн үед ЗХУ-ын тал Америк тивд Чили улстай хамтран зэсийн баяжуулах том үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байсан. Гэтэл Чилийн удирдагч Салвадор Альедэг төрийн эргэлтээр түлхэн унагааж генерал Пеночет гарч ирсэн. Тэрээр Чили ЗХУ-ын төслийг нурааж ЗХУ зэсийн баяжмалын дутагдалд орох болсон. Энэ эгзэгтэй түүхэн цаг үед манай орны тухайн үеийн удирдагчид ЗХУ-тай хамтран Эрдэнэтийн овооны зэсийн нөөцийг гарган тодорхойлсон геологчдын хайгуулын үр дүнгээр энэ том, дэлхийд нэртэй үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргаж байлаа. Тэр үед энэ газар тууврын зам байсан юм. Тууврын мал дайран өнгөрдөг байсан энэ газар нутаг өнөөдөр геологчдын үр шимээр, тэдний хүч хөдөлмөрөөр ийм сайхан хот болсонд үнэхээр сайхан байна. Өнөөдрийн Эрдэнэтийн өнгийг авч яваа аймаг орон нутгийн удирдлага, Б.Ганхяг даргатай Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Нутгийн зөвлөлийнхөнд үнэхээр их талархаж байна. Үе үеийн геологчдынхоо нэрийн өмнөөс, Эрдэнэтийн овооны энгэрт хайгуул хийж явсан тэр нөхдийнхөө өмнөөс та бүхэнд баярлаж байна” хэмээсэн юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)